Хиймэл оюун ухаан болон компанийн нийгмийн хариуцлага нь авлигын эрсдэлийг бууруулна
Канад Улс нь “Трансперенси Интернешнл” олон улсын байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-ээр өмнөх жилүүдэд эхний 10 дотор эрэмбэлэгдэж байсан нь авлигаас харьцангуй цэвэр улс гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан юм.
Гэсэн хэдий ч Канад Улс сүүлийн жилүүдэд чансаагаараа ухарч, 2020 онд 11-р байрт, 2021 онд 13-р байрт жагссан. Энэхүү эрэмбэ аажмаар буурч байгаа нь бусад зүйлсээс гадна Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OCED) Авлигын эсрэг конвенцыг хязгаарлагдмал хэрэгжүүлж байгаатай холбоотой бөгөөд тус конвенцид улс орнууд гадаадын төрийн албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаарддаг.
Канад Улсын үндэстэн дамнасан компаниудад авлига газар авч, хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаа сул байгаа тул дэлхийн өмнөд хэсэгт хээл хахууль, авлигын хэрэгт оролцох хандлагатай байгаа бөгөөд гадаадын төрийн албан тушаалтнуудад хээл хахууль өгөх асуудал Канад Улсын хувьд онцгой анхаарал татаж байна.
Энэ нь байнгын санаа зовоосон асуудал учраас компаниуд хэрхэн хариуцлагатай бизнес эрхлэх вэ?
Гадаадын төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг конвенц, Олборлох салбарын ил тод байдлын арга хэмжээний тухай хууль зэрэг хууль тогтоомжийн баримт бичгүүдээс гадна компанийн нийгмийн хариуцлага болон хиймэл оюун ухааны нэгдсэн арга нь авлигын эрсдэлийг бууруулахад хэрхэн нөлөөлж болох талаар судлахыг компаниуд санал болгож байна.
Компанийн нийгмийн хариуцлага болон корпорацын авлига
Нийгмийн хариуцлагын тогтолцоо нь аж ахуйн нэгжүүдийг тогтвортой хөгжих, нийгмийг сайжруулахад сайн дурын үндсэн дээр хувь нэмрээ оруулахыг дэмждэг бөгөөд бизнест оролцогч талуудад тулгуурласан арга юм. Энэ нь хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудаас гадна корпорацуудын сайн дурын үндсэн дээр өөрийгөө зохицуулах арга хэмжээ юм.
Нийгмийн хариуцлагыг авлигатай тэмцэх хэрэгсэл болгон ашиглах нь компаниуд авлигатай тэмцэх зохицуулалтын засаглалын цоорхойг нөхөх, дэлхийн өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулахдаа зохих хууль эрх зүй, институцийн тогтолцоо дутмаг байгаа байдлыг ашиглахгүй байхад оршино.
Энэ хандлагыг хэрэгжүүлснээр компаниуд авлигын эсрэг хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс гадна авлигатай тэмцэхийг нийгмийн хариуцлага гэж үзэх наад захын ойлголттой болох ёстой юм. Ингэснээр ил тод, хариуцлагатай байдлыг компанийн үйл ажиллагааны гол цөм болгож, оролцогч талууд болон хувьцаа эзэмшигчдэд компани эдгээр үнэт зүйлсэд өндөр ач холбогдол өгдөг гэдгийг харуулах болно.
Авлигатай тэмцэх нийгмийн хариуцлагын загвар нь компанийн бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийг баталгаажуулах замаар корпорацын авлигатай тэмцэх хөтөлбөрүүдэд утга санаа, зорилгыг нэвтрүүлэх болно.
Нийгмийн хариуцлагын арга хэмжээ үр дүнтэй байхын тулд институцийн тогтолцоо үр өгөөжтэй байж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан тохиолдолд нийгмийн хариуцлагыг агуулсан компанийн удирдлагын үйл явц авлигыг таслан зогсоодог болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Эдгээр давуу талуудыг үл харгалзан ихэнх компаниуд нийгмийн хариуцлагыг авлигатай тэмцэх хэрэгсэл гэж үздэггүй бөгөөд үүнийг удирдлагын үйл явцдаа тусгадаггүй нь судалгаанаас харагдаж байна.
Хиймэл оюун ухаан болон корпорацын авлига
Хиймэл оюун ухаан нь Siri, Alexa зэрэг дижитал туслахаас авахуулаад Teslas гэх мэт өөрөө жолооддог машинууд, Uber гэх мэт программууд хүртэл бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна.
Хиймэл оюун ухаан нь маш олон бизнест хэрэгтэй байсан тул авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ч эрдэмтэд ашиглахыг эрмэлздэг. Үнэндээ хиймэл оюун ухааныг “Авлигатай тэмцэх дараагийн хил” гэж тодорхойлсон.
Хиймэл оюун ухаан нь авлигатай тэмцэх ажилд хэд хэдэн давуу талтай бөгөөд урьд өмнө нь хүний хүчин чармайлтаар илрүүлдэггүй байсан авлигын үйл ажиллагааг илүү хурдан илрүүлдэг.
Тухайлбал, Мексикийн Татварын алба хиймэл оюун ухааны алгоритм, аналитик хэрэгслийг ашиглан гурван сарын хугацаанд 1200 луйврын бизнес, 3500 залилангийн гүйлгээг илрүүлжээ. Хиймэл оюун ухааны тусламжгүйгээр үүнийг хийхэд ойролцоогоор 18 сар шаардлагатай байсан.
Корпорацын авлигатай тэмцэх хүрээнд хиймэл оюун ухаан нь компаниудад хөрөнгө оруулалтын чиглэл эсвэл гүйлгээг санал болгож, ийм төрлийн үйл ажиллагаан дахь авлигын эрсдэлийг илрүүлэх, зохих шалгалтын үйл явцыг сайжруулахад тусалдаг.
Мөн хиймэл оюун ухаан нь жил бүр авлигын эсрэг бодлогын тоймд илүү их мэдээлэл өгөхийн зэрэгцээ компанийн үйл явц, тайлан, үйл ажиллагааны шинжилгээнд үндэслэн сургалт зохион байгуулахад туслах боломжтой.
Дараагийн алхмууд
Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааныг ашиглахаас үүдэлтэй ёс зүйн асуудал байдаг. Эдгээр санаа зовоосон асуудалд хувийн нууц, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдсөн, хиймэл оюун ухааны мэдээллийн хэт нэг талыг барьсан байдал эсвэл хиймэл оюун ухаанд хэвийсэн хандлагыг хуулбарлах зэрэг орно. Авлигачид өөрсдийн үйл явцыг нарийн тохируулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж болзошгүй тул ийм технологиудыг авлигыг хөнгөвчлөх хэрэгсэл болгон ашиглаж болно гэсэн болгоомжлол бас бий.
MARA хэмээх Бразил Улсын машин сургалтын програм нь ийм санаа зовоосон асуудалд зориулсан жишээ юм. Энэхүү програм нь тухайн хүний нийгмийн даатгалын дугаараас авсан мэдээлэлд үндэслэн авлигын гэмт хэрэг үйлдэх магадлалыг үнэлдэг.
Нийгмийн даатгалын дугаарт хувийн нууц мэдээлэл агуулагдаж байдаг тул энэ нь нууцлалын асуудал үүсгэж байна. Жишээ нь: Дата мэдээлэл нь эрүүгийн ялын мэдээллээс хамаарах бөгөөд эрүүгийн шүүхийн тогтолцоонд гадуурхагдсан бүлгүүд ихэвчлэн хэт их төлөөлөлтэй байдаг тул энэ нь өрөөсгөл байж болох юм. MARA гэх мэт програм нь энэ хэвийх үзлийг нэмэгдүүлэх магадлалтай байдаг.
Нийгмийн хариуцлага нь ил тод байдал, хариуцлагатай байдалд суурилсан соёлыг бий болгоход тусалдаг бол хиймэл оюун ухааны хэрэгслүүд нь эдгээр үнэт зүйлсийг байгууллагадаа хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Компаниуд хиймэл оюун ухааныг ашиглахад тулгарч буй бэрхшээлийг харгалзан нэгдсэн арга барилыг судлах ёстой.
Эх сурвалж: theconversation.com