Дэлгэрэх үйлийг ивээсэн дорнод хилийн Хармөрөн

Дэлгэрэх үйлийг ивээсэн дорнод хилийн Хармөрөн

Нарны илч буурсан намар цагийн тэнгэр дор намирсан тариа халиурсан найргийн шад шиг цагаар урсгал дөлгөөн Хармөрөн амьдрал хүүрнэн алсыг зорин эрчлэн урсана. Хятадын дорнодын зах хязгаар орон болохоор Хармөрний хөвөөнөөс Хятад орны өглөөний нарыг хамгийн эрт олж хардаг. Энэ том мөрнийхөө нэрээр нэрлэгдсэн Хармөрөн муж Хятад орондоо амуу хүнсний том агуулах, умардад нээлттэй орон болж хүнд аж үйлдвэрээрээ, өн шимлэг хар хөрсөөрөө алдаршаад он удсан бол өнгөрсөн өвлөөс аялал жуулчлалаар алдаршин, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг их татдаг болоод байгаа юм.

Хармөрөн муж нь улсдаа ургац хураалтаар тэргүүлж, умардаас ирэх гийчдийг угтан түрүүлж авдаг соёл, түүхийн арвин өвтэй газар нутаг юм. Мөн аялал жуулчлалын нөөц баялаг, байгалийн үзэсгэлэнт газрууд, мөс, цасны өвөрмөц соёл, ардын ёс заншлаар маш баялаг. Цэлмэг тэнгэр, цэгээн нуруу, цэнгэг гол, рашаан булаг, өн шимтэй хар хөрс, үзэмж төгс байгалийн сайхнаар дөрвөн зүгтээ алдартай.

Ургац тариа халиурсан тартан талбайд мандах нарнаас жаргах нарны хооронд газар тариалангийн үйлдвэрлэлийн хөдөлмөрч түмэн ургац хураалтдаа хичээж явна. Бүрэн автоматаар тариалж арчлан, ургацаа хурааж, хоёр нарны хооронд уралдан ажиллахын тэрхүү жаргаланг тариаланч, механикжуулагч, инженер хүн л хамгаас илүү мэдэрдэг дээ. Хармөрөн мужийн төв Харбин хотод дэлхийд нэртэй хоёр том хүнд үйлдвэр шижигнэж гялалзсан залуусын ур ухаан, шинэхэн технологи үйлдвэрийн урт шүүлтүүрээр дамжин гарсан бүтээгдэхүүн улс даяар төдийгүй, дэлхийн улс орнуудын чухал бүтээн байгуулалтад оролцдог. Шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед шинээр бүтээгдэж буй дэвшилтэт технологийн хурдыг гүйцэхэд амаргүй болжээ. Төсөөлж ч үзээгүй зүйл маань тэрхүү том үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарч бидний амьдралд орж ирж байгаа нь бахархалтай. Тиймээс цаашид ч улс орондоо дэлхий нийтэд өгөөжтэй олон олон гайхалтай чанартай технологиудыг үйлдвэрлэсээр байх нь тодорхой.

Хилийн чанадаас зорин ирж рашаан булгийн усаар ундаалан, үзэсгэлэнт байгалийн сайханд бие сэтгэлийн алжаалаа тайлдаг хүмүүс өдрөөс өдөрт олширсоор. Энэ нутгийн газар шороо, цэцэгт ногоон тал, уул, ус, гол мөрөн, ан амьтан, рашаан булаг, мал сүрэг, хүн зон, найз нөхөд, ахан дүүс, цаанаа л нэг учрал ерөөлтэй дотно сайхан. Хилийн аяллын минь цаг, хугацаа, өдөр хоног бүр үнэ цэнтэй дурсамжаар дүүрэн сайхан байлаа. Урт холын зам уужуу бодлын үзүүрт олон бодол хөвөрч явав. Энэ нутгийн хүмүүсийн итгэл, зүтгэл, эрэмгий зоригоор эх орноо цогцлоон бүтээж буй үйлс нь өнө мөнхөд дэлгэрэхийн өлзийтэй ерөөл өргөе.

 

Зохиогч: З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0