Гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагналын 2022 оны шалгаруулалт зарлагдлаа
Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог. Энэхүү арга хэмжээ 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Шагналыг жил бүр нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт олгодог.
1.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:
-Эрдэм шинжилгээний байгууллага;
-Их, дээд сургууль;
-Төрийн болон төрийн бус байгууллага.
2.Бүтээлд тавих шаардлага:
-Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр туурвисан үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;
-Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;
-Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.
3.Бүрдүүлэх материал:
-Нэр дэвшүүлж, хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;
-Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;
-Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
-Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;
-Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;
-Нэр дэвшигчийн анкет;
-Ажил байдлын тодорхойлолт.
Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 1 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.
4.Материал хүлээн авах хугацаа:
Нэр дэвшүүлсэн талаарх материалыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хүлээн авна.
Холбоо барих утас: 265152 (Хууль, эрх зүйн газар)
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР