Тайланд улс Камбож руу агаарын цохилт өгчээ
Азийн хөрш орны дунд энхийн хэлэлцээ байгуулагдсан боловч Тайланд улс Даваа гаригт (2025.12.08) Камбож улсад агаарын цохилт өгчээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хоёр сарын өмнө зуучилсан энхийн хэлэлцээр талаар боллоо гэх түгшүүрийг төрүүлэв. Тайланд болон Камбожийн тал аль аль нь нэгнээ агаарын цохилт түрүүлж өгсөн гэж буруутгаж байна.
Тайландын батлан хамгаалах албаны мэдэгдсэнээр, Даваа гаригийн өглөө нэг тайланд цэрэг амиа алдаж, хоёр хүн бэртсэн дайралтын хариу арга хэмжээ болгож Камбожийн цэргийн байрлалд агаарын цохилт өгсөн.
"Чон Ан Ма даваа орчмын Камбожийн зэвсгийн дэмжлэг үзүүлэх байрлалуудыг бай болгосон. Учир нь эдгээр байнаас Анупонг бааз дахь Тайландын талд их буу, миномёт ашиглан цохилт өгсөн. Улмаар нэг цэрэг алагдаж, хоёр цэрэг шархаджээ" гэж Тайландын хошууч генерал Винтай Суваре мэдэгджээ. Тайландын армийн мэдэгдсэнээр, Камбож улсын цэргийн хүчин Тайландын хилийг Даваа гаригийн үүрийн 03:00 цагаас эхлэн онилсон байсан.
Эсэргээрээ, Камбожийн арми Тайландыг өглөөний 05:04 цагт камбож цэргүүд рүү халдсан гэж мэдэгдсэн байна.
"Энэхүү халдлага нь Тайландын хүчин олон өдрийн турш өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулсны дараа болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй" гэж тус мэдэгдэлд дурджээ. Тайландын энгийн иргэдийн 70 орчим хувийг хилийн хотуудаас нүүлгэн шилжүүлсэн гэж Тайландын мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Нүүлгэн шилжүүлэх явцад "өмнөх өвчний" улмаас нэг энгийн иргэн нас барсан гэж мэдээлжээ.
Тайланд, Камбож улс долдугаар сард таван өдрийн турш мөргөлдөж, хилийн хоёр талд хэдэн арван хүн амиа алдаж, 200 мянга орчим хүн дүрвэсэн. Улмаар Трамп тус хоёр улсын удирдагчтай утсаар ярьсны дараа гал зогсоох тохиролцоо хийсэн. Дараа нь Тайланд, Камбож улс аравдугаар сарын сүүлээр Куала Лумпурт Трамп болон Малайзын ерөнхий сайд Анвар Ибрагимын гэрчээр оролцсон ёслолын үеэр гал зогсоох тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Трамп энэ мөчийг томоохон дипломат ялалт гэж үзэж байв. Гэсэн хэдий ч гарын үсэг зурснаас хойш хоёр долоо хоног ч болоогүй байхад Тайланд, Камбожийн хоорондох хэлэлцээр тогтворгүй болж эхэлжээ. Хил дагуу мина дэлбэрч, хэд хэдэн Тайландын цэрэг шархадсаны дараа тус улс гэрээний ахиц дэвшлийг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Тайланд, Камбож улс сүүлийн хэдэн арван жилд маргаантай хилийнхээ төлөө богино хугацааны мөргөлдөөнтэй тулгарсан. Тухай бүрд талууд нэгнээ буруутгаж байдаг.