Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол төрийн түүхийн музейн ажлыг ирэх оноос зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэхээр шийдвэрлэв. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.
Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай юм байна. Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынБурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.
Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
· Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо.
· Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.
· Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав.