Музей гэдэг үзмэр болохоос үзүүлэн биш
Манай Засгийн газар байсхийгээд л мань мэтийгээ савж унатал мэдэгдэл хийдэг хэвээрээ л байна. Эхлээд “ЭТТ-н 1072 хувьцаанд ноогдол ашиг өгнө” гэсэн. Дараа нь “ноогдол ашиг өгөхгүй, тэр мөнгөөр чинь төмөр зам барина” гэж сайхан тархидлаа.
Байгалийн түүхийн музейг шинэ байртай болгоно гэсэн. Дараа нь тэр байрандаа “Хаадыг музейг байгуулна” гэлээ. Хаана ч байгаа хаадын музей юм бүү мэд. Музей байгуулахын тулд байшин барихаасаа гадна үзмэр, олдвор байх хэрэгтэй. Бодвол Женкогийн “13-р зуун” цогцолбороос баахан зэс хөөмөл авчирч тавиад түмэнд үзүүлэх юм байлгүй. Түүнээс биш бусдаар бол хүнд үзүүлээд байх юм хомс л доо. Ядаж л манай хаадын хөрөг зураг л гэхэд бүгд Бээжин, Тайваньд бий. Байгаагаас Чингис хааны маань ганц хөрөг л “марк” болоод манайд тарсан байх шив дээ. Тийм байхад Хаадын музейг хаанаас ямар үзмэр авчирч байгуулах гэж байгааг таах арга алга.
Уг нь бол Засгийн газар өнгөрөгч лхагва гаригт Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн ам руу нүүлгэх шийдвэр гаргасан. “Музейн газрыг зарах гэж байна. Хүүхдүүдээс хулгайллаа” гээд шүүмжлээд эхлэнгүүт Боловсролын сайдаар мэдэгдэл хийлгэчихэж байгаа юм. “Байгалийн түүхийн музейн газар дээр хаадын музей байгуулна” гээд. Хаанаасаа ч гараад ирсэн зураг хөрөг вэ? Музей гэдэг үзмэр болохоос үзүүлэн биш. Ганц барилга барилаа гээд музей байгуулчихдаггүй.
Тэгээд ч “Музейн шинэ барилгыг хотын төвд барих гэхээр үлэг гүрвэлийн яс зай талбай эзлээд багтахгүй байна” гэх мөртлөө “Хаадын музейн барилгыг долоон давхар барина” гэсэн нь утга авцалдаа муутай. Хорин давхар ч барьж болно шүү дээ. 280 сая төгрөгөөр (улсын төсвийн хөрөнгөөр хийсэн зураг гэнэ) долоон давхар барилгын зураг хийх, 20 давхар барилгын зураг хийх хоёр тийм их ялгаатай юу?
Тэгээд барилгыг нь барих мөнгө байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байгаа гэлээ. Хэрвээ мөнгөгүй юм бол байгаа ганц музейгээ л барилгатай болго л доо. Байхгүй музейн төлөө зээл, тусламж гуйна гэдэг чинь байж болох үйлдэл үү? Тэгвэл Байгалийн түүхийн музейн барилгыг бас ямар хөрөнгөөр барих гэж байгаа юм?
Ингэхэд манай Засгийн газрын манийгаа “маллах” нь арай л хэтрээд байна. Нэг мэдэгдэл хийгээд эсэргүүцэл гарангуут нөгөө халаасаа ухаж байгаад дахиад нэг мэдэгдэл уншчихдаг. Өдөр өдрөөр, цаг цагаар үг, үйлдэл нь хувирч байдаг ийм хүмүүст хэн итгэж, хэр удаан тэсэх бол?
Б.Заяа
Эх сурвалж: www.inews.mn