Д.Ганбат: Би цаашдаа ч УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллана
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар өчигдөр огцорсон гэх УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын дэд дарга гэх сэтгүүлч Ц.Оюундарь нар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. АН-ын гишүүд Монголд хүний эрх зөрчигдөж байна, иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар хоригдож, иргэн Чинбат өлсгөлөн зарлаж, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарласан хэдий ч эрх баригчид огт анхаарлаа хандуулахгүй байна.
Монгол Улсад Монгол иргэний амь нас, эрх хамгийн үнэтэй. Иймээс дээрх таслан сэргийлэгдсэн буй залуусыг суллахыг шаардахын сацуу АН батлан даалтанд авах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын Газарт хүргүүлж байна хэмээн мэдэгдэв.
Мөн энэ үеэр Д.Ганбат “Таныг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулсан юм биш үү?” гэсэн асуултанд “Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Би УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Цаашдаа ч ажиллана гэж бодож байгаа” гэв.