З.Энхболд, Ц.Туваан нарыг хөөсөн М.Тулгатын АН-ын шийдвэрийг О.Цогтгэрэл АН үгүйсгэв
Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын дотоод хагарал, тэмцэл чинээндээ тулж М.Тулгат, О.Цогтгэрэл гэх хоёр даргатай болоод удаж байгаа билээ. Ямар сайндаа л УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн АН-д элссэн УИХ-ын гишүүн асан С.Жавхлан "Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Би АН-аас гарч байна" гэдгээ мэдэгдсэн.
Түүгээр ч зогсохгүй УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нь хүртэл өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа төлөөлж, нэр дэвших хүсэлтэй байгаагаа М.Тулгатын АН болон О.Цогтгэрэл АН-д хоёуланд өгч, бүртгүүлж байв. Энэ мэтээр хэн нь АН-ын хууль ёсны жинхэнэ дарга, хэн нь тамга эзэмших эрхтэй гэдгийг нь иргэд гэлтгүй намынх нь гишүүд, дэмжигчид хүртэл ялгахад бэрх, ярвигтай нөхцөлд ороод жил тойрч байна.
Тэгвэл хэд хоногийн өмнө М.Тулгат даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын дарга асан З.Энхболд, Орхон аймгийн АН-ын дарга Н.Батхуяг, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Өсөхбаяр нарыг хөөх шийдвэрийг гаргасан байдаг.
Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгын нэр дэвших боломжийг "хулгайлсан", АН-ын хагарал, хоёр хуваагдлын гол зохион байгуулагч, эзэн нь гэх үндэслэлээр намаасаа хөөжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Тувааныг УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа АН-ын хурлаа хийгээгүй, тамгаа алдсан нь намаасаа хөөгдөх шалтгаан болсон гэдгийг АН-ын дарга М.Тулгат ярьсан байна.
Харин нөгөө талд О.Цогтгэрэл даргатай АН-аас өчигдөр /2021.09.13/ Ц.Туваан, З.Энхболд, Н.Батхуяг, М.Батжаргал, Д.Өсөхбаяр, Р.Нямдорж нарыг намаасаа хөөгөөгүй гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ тэднийг намаасаа хөөгөөгүй тул ажлаа хэвийн үргэлжлүүлж хийж болно гэдгийг дайв. Өөрөөр хэлбэл, М.Тулгат даргатай АН-ынхан дээрх нэр бүхий нөхдийг намаасаа хөөсөн, эсрэгээрээ О.Цогтгэрэл даргатай АН-ынхан тэднийг намаасаа хөөгөөгүй гэж мэдэгдээд байна.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
https://zindaa.mn/3uo2