Тэр эх орныхоо нэрийг бодсон бол зугтах ёсгүй байсан

Тэр эх орныхоо нэрийг бодсон бол зугтах ёсгүй байсан


  • “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байна” гэдэг нь тэр хэмжээнд хүрэхүйц шударга, ёс зүйтэй байхын нэр гэдгийг хуультай, ёс суртахуунтай солонгосчууд ойлгуулаа биз
  • Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтан энэ эрхмийн зохисгүй, бүдүүлэг үйлдэл БНСУ-д байгаа мянга мянган монгол хүнийг ичгэвтэр байдалд оруулж, ажиллаж амьдрах нөхцөлд нь шууд нөлөөлж байна
Мөнгө угаах зорилгоор Монголд үүрлэсэн 800 хятад, АМНАТ-тай холбоотой Цэцийн шийдвэр, 60 тэрбумын схемийг зохиогчдын шүүх хурал гээд нийгмийг цочроосон, нэг нь нөгөөгөөсөө давж гарна уу гэхээс огт дутахааргүй цуврал дуулиан, шуугиантай долоо хоногийн төгсгөлийг ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр харин “төгс” шувталчих шиг боллоо. Бусад асуудлыг бодвол Д.Одбаяр дарга тогооноосоо хальж “тонгочсон” нь Монголын гадаад нэр хүндийг шавар, шалбаагт хутгаж орхив. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор өнгөрсөн пүрэв гарагийн орой БНСУ-аар дамжин нисэхдээ онгоцны үйлчлэгч солонгос эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх ичмээр үйлдэл нь гадаад, дотоодгүй хүмүүсийн жигшил, зэвүүцэл, уур ундууцлыг төрүүлчихлээ. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хэвийн үзэгдэл шахуу үздэг монголчуудын мулгуу, увайгүй зан ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт ч мөн байдаг бололтой. Түүний хашиж буй албан тушаал аль ч оронд төрийн ёс суртахуун, дэг жаягийн манлай юмсан. Тэр гадаадад биеэ зохисгүй авч явснаас гадна үйлдсэн хэргээ хүлээн гэмшихийн оронд өөрийгөө халдашгүй дархан эрхтэй, шалгуулах ёсгүй хүн гэж худал хэлээд зугтсан нь даарин дээр давс нэмсэн хэрэг болов. ёс суртахуун, дэг жаягийн манлай юмсан. Тэр гадаадад биеэ зохисгүй авч явснаас гадна үйлдсэн хэргээ хүлээн гэмшихийн оронд өөрийгөө халдашгүй дархан эрхтэй, шалгуулах ёсгүй хүн гэж худал хэлээд зугтсан нь даарин дээр давс нэмсэн хэрэг болов.Энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын хэвлэлээр гарч буй мэдээний агуулгын 70 хувь нь “Д.Одбаяр өөрийгөө шалгуулах үндэслэлгүй тусгай эрхтэй хүн” гэж худал мэдүүлсэн тухай байгаа нь дээрхийн нотолгоо. Амьдрал үргэлжилж л байгаа хойно алдаа гарна. Харин түүнийгээ өөрсдөө үнэлж дүгнэн хэм хэмжээ, ёс зүйгээ дагаж мөрдөх асар өндөр соёлтой улсад төрийн өндөр дээд албан тушаалтан худал хэлээд  зугтсаныг ойлгохгүй байх нь аргагүй. Гэмээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсныг нь ойлгож өршөөдөг ч, буруугүй гэж хэлээд буруутай нь тогтоогдвол ялыг нь тултал оноохыг шаарддаг шударга, ёс суртахуунтай ард түмэнтэй, бас тийм шүүхтэй улс шүү дээ, тэд чинь. Гэтэл Д.Одбаяр мэдүүлэг өгөхдөө энэ нөхцөл байдлыг ойлгон, хашиж буй албан тушаал, улс орныхоо нэр хүндийг бодох ёстой атал харин ч ямар ч хамаагүй аргаар тэндээс мултрах арга сэдсэн нь олны дургүйцлийг улам хүргээд байна. Бас нэг солонгос бүсгүй үүний дараахан солонгос аялагчдыг нэгтгэсэн Facebook группт  өөртөө тохиолдсон зүйлийг бичсэн нь нөхцөл байдлыг улам өрдчихлөө. Түүнийг Монголд аялах үеэр хөтөч  нь хэл амаар  болон үйлдлээр бэлгийн дарамт үзүүлсэн бөгөөд энэ талаар аяллын компанидаа хэлэхэд уучлал гуйх нь битгий хэл хөтчийг нь өмөөрөөд өнгөрсөн тухай бичжээ. БНСУ-д хууль ёсны болон хараар амьдардаг монголчуудын тоо бараг 50 мянгад хүрсэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Монгол Улсын нэг иргэн тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтан энэ эрхмийн зохисгүй, бүдүүлэг үйлдэл тэнд байгаа мянга мянган монгол хүнийг ичгэвтэр байдалд оруулж, ажиллаж амьдрах нөхцөлд нь шууд нөлөөлж байгааг тэнд амьдарч буй монголчууд ярьцгааж байна. БНСУ бол яг үнэндээ манай улсын төр, засгаас илүү монгол хүнд хамгийн том ажил олгогч, Монголын нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэгч улс гэхэд огтхон ч буруудах зүйл үгүй. Зөвхөн энэ үүднээс аваад үзэхэд бид тэдэнтэй хүндэтгэлтэй, аятай харилцах харилцааг хамгаас эрхэмлэх учиртай биш үү! Гэтэл хөх тэнгэрээс өөр зүйлийг дээрээ гаргадаггүй тийм өндөр албан тушаал, эрх мэдэлд “эзэн” суусан Цэцийн дарга нь ийм шившигтэй байдалд Монгол Улсын нэрийг хутгаж, иргэдээ чирж байгаа нь даан ч зохисгүй. “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байна” гэж монголчууд ярьдаг. Энэ нь хууль, ёс суртахуунаас давсан эрх дархтай байхын нэр биш. Харин тэр хэмжээнд хүрэхүйц шударга, ёс зүйтэй байхын нэр гэдгийг эрхэм дарга Д.Одбаярт хуультай, шүүхтэй, ёс суртахуунтай солонгосчууд одоо тэгээд ойлгуулах биз дээ! Тэрбээр уг үйлдлийг үйлдээгүй бол үйлдээгүй гэдгээ нотлохын оронд зугтсан нь өөрийнхөө нэр төрийг цаг тухайд л аварч гаръя гэсэн ахар бодол байснаас биш улс орныхоо нэрийг ингэж гутамшиглагдах болно гэдгийг төсөөлөх, ухамсарлах тэнхээгүй, дорой нэгэн байж гэж харагдах боллоо.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0