Цэцийн дарга “суудал”-тайгаа үлдэнэ гэж зүтгэх вий дээ
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Түүнийг эхлээд саатуулан шалгасан ч Венийн хэлэлцээрийн дагуу суллагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгчээ. Үүнийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээлэв.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон улсад Монголын нэр хүнд унахад хүрч байна.
Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг хариуцлагын жишээ олон улсад нэлээд бий. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Японы Худалдааны сайд Ишу Сугавара сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа огцрох болсноо мэдэгдсэн. Түүнийг сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бэлэг тараасан хэмээн буруутгасан юм. Түүний дараа буюу ердөө хэдхэн хоногийн өмнө мөн л Японы Хууль зүйн сайд сонгуулийн хууль зөрчсөн хэмээн албан тушаалаасаа огцорлоо. Сайд Кацуюки Кавай сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг тогтоожээ. Кавай сайд өөрийгөө буруутай хэмээн үзээгүй ч Засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ. Харин манайд улсад төрийн соёл, ёс зүй хариуцлагын асуудал эсрэгээрээ халдашгүй дархан байдал нэрээр сандал суудал, эрх мэдэлтэйгээ үлдэх гэж зүтгэдэг.
Үүний нэг илрэл нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д ёс бус асуудалд орж, саатуулагдах хэмжээнд асуудал нь яригдаж байхад УИХ-ын дарга нь энд “өмөөрөх”өнгө аястай мэдэгдэл хийж байх жишээтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэлдээ “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй.
Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж хэлсэн. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв. Удахгүй Цэцийн дарга Д.Одбаяр эргэж ирээд эрх мэдэлтэй үлдэхээр өөрийгөө буруугүй гэх мэдэгдлийг хийгээд зогсч байхад гайхах юм алга. БНСУ-д сайд нь иргэддээ бэлэг тараасан үндэслэлээр өөрсдөө огцордог. Харин манайд Цэцийн дарга нь улс орныхоо нэр хүндийг унагачихаад суудалтайгаа үлдэхээр улайрах вий дээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин