Үндсэн чиглэлд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай

Үндсэн чиглэлд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай гэж үзсэн бол  Эдийн засгийн байнгын хороо уг үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэсэн. Хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон. 
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, Улсын Их Хурал цаашид үндсэн чиглэлээ батлахдаа бодлогын бичиг баримтуудтай уялдуулахад анхаарах нь зүйтэй гэж байсан. Тухайлбал, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 772.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж баримт бичигт тусгасан атлаа гүйцэтгэлээр 62.4 хувь буюу 4,847.9 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсны дараа улсын төсвийг уялдуулан батлахгүй бол үндсэн чиглэл нь хөрөнгийн эх үүсвэргүй хоосон цаас болох тул энэ асуудалд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

скачать dle 12.0