С.БАТБОЛД ОГЦРОХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙ САЙД ЯМАР АЛХАМ ХИЙХ БОЛ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-ны 09.00 цагт хуралдуулахаар товложээ. Энэ хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай юм.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар С.Батболдыг суудалд нь үлдээх тохироо хийгдсэн гэнэ. Учир нь энэ сарын эхээр хуралдсан нийслэлийн ИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж үзсэн юм. Иймээс төлөөлөгчид хотын даргыг огцруулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа аж. Нэг үгээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хотын даргаа авч үлдэх сонирхолтой байгаа гэнэ.
Тэгэхээр энэ тохироо ёсоор С.Батболд суудалдаа үлдвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дараагийн алхам юу байх вэ, гэдэг нь сонин байна.П.ГОО
Оллоо.мн