Жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусмагц тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болно
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан "А” нь "С”-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 03-ны орой "Тоёото приус-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан зөрчилд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн сүлжээгээр шалгахад "хүчинтэй” байсан тул зөрчлийн тухай хуулиар иргэн "А”-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох шийтгэл оногдуулсан байна.
Анхан шатны шүүх иргэн "С”-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэснийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан "А” эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хянаад жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхэд заасан хүчинтэй байх 10 жилийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байхад цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан "А” нь иргэн "С”-ийг дээрх зөрчил гаргах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж үзэн зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсныг энэ хууль болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Тодруулбал: Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхэд заасан хугацаа дууссан этгээдийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэн түүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналын хамт зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлэхээр байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх