Цар тахал, геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн алдагдал үүсгэсэн
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.8 хувиар өссөн. Энэ нь Төв банк болон эдийн засагчдын хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, 2022 оны гуравдугаар улирлаас эхлэн цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давж өссөнийг баталгаажуулж байна. Нөгөө талаас энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдал үүсгэснийг харуулж байна гэж Төв банк үзэж байна.
Өнгөрсөн оны эхнээс өрхийн хэрэглээ сэргэж, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн нь цэвэр татвар, үйлчилгээний салбарыг тэтгэсэн бол, цаг агаар харьцангуй сайн байсан нь хөдөө аж ахуйн салбарт эергээр нөлөөлжээ. Мөн БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, тээвэрлэлт сэргэсэнтэй холбоотойгоор зарим гол нэрийн түүхий эдийн олборлолт, экспорт сүүлийн улиралд эрчимжсэн. Ийнхүү хилийн хязгаарлалт суларсантай холбогдуулан Төв банкнаас уул уурхайн үйлдвэрлэлийн энэ оны төсөөллийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг сайжруулж, тооцжээ.