Өвөл ч яахав, хавар л хатуу
Туулай жилийн хаврын тэргүүн сар гарч, хот, хөдөөгүй өргөн дэлгэр шинэлцгээлээ. Тэгэхээс ч аргагүй биз. Сүүлийн 2-3 жил дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байсан учраас энэ жил ёстой л нэг хөлхөж тэмдэглэцгээв. Дээрээс нь энэ жилийн хувьд архи дарсны хэрэглээ эрс багасаж, бэлэн мөнгөөр гар цайлгасан гээд олон сайхан зүйлсийг ч хүмүүс ам уралдан хэлэлцсээр байна. Тэгвэл өвлийг өнтэй давсан монголчууд бидний хувьд хаврын хахирган саруудыг энх мэнд туулах бас нэгэн сорилт бий билээ.
Энэ жилийн хоёрдугаар сар гарсаар Монгол орны хувьд нийт нутгийн 70 гаруй хувь нь их, 20 хувь нь дунд зэргийн зудын эрсдэлтэй байгаа мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Үүнийг тоймлон хэлбэл хоёрдугаар сарын эхээр найман аймгийн 13 суманд цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжсэн гэсэн үг.
Мөн Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас хоёрдугаар сарын 10-ны байдлаар гаргасан албан мэдээллээр 2023 он гарсаар 365.685 толгой том малын зүй бусын хорогдол гарсан байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 132.472 толгойгоор нэмэгджээ.
Ердөө долоохон хоногийн дотор 130 гаруй мянган мал зүй бусаар хорогдсон цаг хатуугийнх гэж хэлэх, бодох нь их байж мэднэ. Харамсалтай нь Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлөв байдлын мэдээгээр олон жилийн дунджаар гуравдугаар сард Алтай, Хангайн нурууны өвөр, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-6 мм, бусад нутгаар 0-4 мм хур тунадас ордог бол IV сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 6-10 мм, бусад нутгаар 0-4 мм хур тунадас ордог гэсэн байна.
Сар шинэ хуучраагүй байхад муу амлалаа гэх нь гарах л байх. Гэхдээ цас зудын нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг харахад манай улсын нийт нутгаар хавар нь чангахан болохоор дүр зураг гарч байна. Тиймээс л дээр, дооргүй анхааралтай байж, хахирган хавар цагт элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг хэлээд байгаа хэрэг.
Тэгээд ч мал гэдэг Монгол Улсын оршин байхын үндэс, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг. Тийм ч учраас Үндсэн хуулийнхаа тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан билээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН