Монгол бөхөнгийн тоо толгойн 70 гаруй хувь нь хорогджээ

Монгол бөхөнгийн тоо толгойн 70 гаруй хувь нь хорогджээ

Зэрлэг амьтдыг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Өнгөрсөн 2014 онд монгол бөхөнгийн тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутгаа тэлж байв. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд бог малын мялзан өвчин, идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэлийн улмаас бөхөнгийн 70 гаруй хувь нь хорогдож, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ердөө 3800 орчим болжээ.

Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухаанд суурилсан байгаль орчин ба хүний харилцаа (SNAPP) төслийн санаачилгаар “Зэрлэг амьтан ба малд бог малын мялзан өвчнийг хянах нь” сэдэвт  сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалтад байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, Ховд аймгийн зарим сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд оролцов.

Сургалтын хүрээнд зэрлэг амьтан ба малд тохиолдож буй бог малын мялзан өвчний өнөөгийн байдал, халдварт ба халдварт бус өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх аргачлал, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны талаар Мал эмнэлгийн ерөнхий газар, Матью Прувот WСS байгууллага, Ховд аймгийн БОАЖГ, Хөдөө аж ахуйн хөгжлийн судалгааны төв зэрэг байгууллагын  мэргэжилтнүүд  мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Энэ үеэр сургалтад оролцогчид хэлэхдээ, сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөнгийн сүргийн тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр цөөрч байгаа. Зэрлэг амьтдыг мөхөлд хүргэж болзошгүй халдварт өвчинтэй тэмцэх, цаашид хамгаалах гол арга нь иргэд олон нийтийг тогтмол шинэ мэдлэг мэдээллээр хангах, халдварт ба халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, энэ чиглэлээр байгаль хамгаалагчид, холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах хэрэгтэй гэв.

Мөн хил дамнасан халварт өвчинтэй тэмцье. Бог малын мялзан өвчний болзошгүй эрсдэл цааш даамжирч цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтдад тархах эрсдэл их тул баруун бүсийн хэмжээнд нэгдсэн үр дүнд хүрэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд бүх талын оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт нэн чухал байна гэж албаныхан хэллээ.  


Н.Лхагва

скачать dle 12.0