Украины дайн ОХУ-ын эдийн засгийг 25 жилээр ухраана
Зүүн Европын улстай дайтаж эхлээд жил болж байгаатай холбоотойгоор Путиний эдийн засгийн асуудал улам бүр нэмэгдсээр байгаа нь сүүлийн үеийн тоо баримтаас харагдаж байна. ОХУ-ын төсвийн алдагдал 1998 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар Блүүмберг агентлаг мэдээлжээ. 2023 оны нэгдүгээр сард газрын тос, байгалийн хийн татварын орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 46 хувиар буурсан бол дайны улмаас холбооны төсвийн зарлага 59 хувиар өссөн байна. Мөн эрчим хүчний орлого буурсан нь байгалийн хийн экспорт буурч, барууны орнууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий экспортлохгүй байгаатай холбоотойгоор Орост газрын тосоо хямд үнээр зарахаас өөр сонголтгүй болсонтой холбоотой аж. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас ОХУ олон улсын хориг арга хэмжээний давалгаанд өртсөн. Хориг арга хэмжээ Орост ихээхэн хохирол учруулж байгаа ч экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засгаа тогтвортой байлгаж чадсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Барууны орнууд Оросын эсрэг хамгийн хүчтэй хориг арга хэмжээг авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Оросын эдийн засаг 10 жилийн турш уналтад орж, аж үйлдвэр нь орчин үеийн, чухал технологид өлсгөлөнд нэрвэгдлээ. Орос хийсэн гэмт хэрэгтээ ял шийтгэлгүй үлдэхгүй" хэмээсэн. Гуравдугаар сарын 1 гэхэд Оросын нефтийн үнийг тооцох шинэ төлөвлөгөө боловсруулахыг Путин Засгийн газартаа даалгаад байгаа юм.