Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна
ОХУ гадаад төлбөр тооцоогоо зөвхөн рублиэр хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг 1000 төгрөгөөр огцом нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын лхагва гарагийн чуулганаар мэдэгдэв. ОХУ, Украин хооронд үүссэн хурцадмал байдал дан ганц манай улс бус олон улсын зах зээлд хүнд нөхцөл байдал үүсгээд байгааг Дэлхийн банк албан ёсоор зарлаад байна. Тиймээс зөвхөн рублиэр тооцоо хийх нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тоймлон хүргэе. Орос, Украины хурцадмал байдал эхэлснээс хойш Европын орнууд байгалийн хий болоод бусад экспортоороо Оросоос хараат боловч тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан нь олны анхаарлын төвд байгаа юм.
Путин: РУБЛИЭР ТӨЛБӨРӨӨ ХИЙХГҮЙ БОЛ БҮХ ГЭРЭЭГ ЗОГСООНО
ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан рублийн ханш огцом унасан. Тухайлбал,Оросын Төвбанкны интервенцээр еврогийн ханш 94 болж буурсан байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус харилцаатай орнуудаа байгалийн хийн төлбөрөө зөвхөн рублиэр төлөхийг шаардаж байгаагаа гуравдугаар сарын 23-нд мэдэгдсэн. Найрсаг бус гэсэн ангилалд тус улсад хориг арга хэмжээ авсан орнууд багтаж байна. Үүнд Америк, Европын холбооны гишүүн орнууд, Их Британи, Япон, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Украин улс орох юм. Эдгээр улсын компани, хувь хүнтэй хийх гэрээг Засгийн газрын комисс батлах ёстой болжээ. Дээрх жагсаалтад багтсан орнуудаас Америк, Норвеги Оросоос байгалийн хий худалдаж авдаггүй.
Владимир Путины байгалийн хийн экспортын төлбөр тооцоог зөвхөн рублиэр хийх зарлиг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тэрбээр үндэсний телевизээрээ “ОХУ-аас байгалийн хий худалдан авагчид Орос данс нээж, зөвхөн рублиэр төлбөр тооцоо хийх хэрэгтэй.Үгүй бол бүх гэрээг зогсооно. Рублиэр төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд худалдан авагчдын алдаа гэж үзнэ” гэж зарлигт гарын үсэг зурах үеэрээ хэлэв. Орос улс Европын байгалийн хийн гуравны нэг орчмыг хангадаг. Тиймээс ОХУ-д тавьсан барууны хориг арга хэмжээнд Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Европын холбоо ОХУ-ын худалдааны гол түнш байсны сацуу 2020 оны байдлаар тус улсын дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 37 хувийг эзэлж байв. Харин Орос Европын байгалийн хийн нийт хэрэглээний 40 орчим хувийг дангаараа хангадаг. Энэ жилийн байдлаар Европын холбооны Оросоос импортлох байгалийн хийн хэмжээ өдөрт 200-800 сая еврогийн хооронд хэлбэлзэж байна.
“Путины шийдвэр нэг талыг барьсан, гэрээг илт зөрчсөн үйлдэл. Эрчим хүчээр биднийг эрхэндээ оруулдаг үе өнгөрсөн” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейер хэлсэн бол, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Хэрэв Европын холбооны аль нэг улс байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөх юм бол нэг гараараа Украинд, нөгөө гараараа Орост тусалж байгаагаас ялгаагүй. Холбогдох орнуудыг ухаалаг бөгөөд хариуцлагатай сонголт хийхийг уриалж байна” гэсэн юм.
Гэхдээ гэрээний хугацаа нь дуусаагүй орнууд төлбөрөө еврогоор эсвэл ам.доллараар төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Харин Путин “Өмнө нь хийсэн гэрээнд заасан хэмжээ, үнээр байгалийн хийгээ үргэлжлүүлэн нийлүүлэх нь ойлгомжтой. Харин төлбөрөө зөвхөн рублиэр төлнө” гэж Засгийн газрын сайдуудтайгаа хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан юм. Үүнийг зарим орон төлбөрийн гэрээг зөрчсөн хэмээн үзэж байна.
Үүнээс гадна тэрбээр газрын тос, үр тариа, нүүрс, метал, бордоо гэсэн гол түүхий эдийн эскпортын төлбөрөө рублиэр төлөх жагсаалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар “The Guardian” энэ сарын 1-нд мэдээлж байв. Ийн улс орнууд Оросоос бараа, бүтээгдэхүүн авахын тулд рублийг их хэмжээгээр нөөцөлж эхэлнэ. Энэ нь дэлхийн мөнгөний зах зээлд ам.доллараар дамжуулан ноёрхоод байгаа АНУ-ыг сөрөх боломж хэмээн ажиглагчид үзэж байна.
ЕВРОПЫН ОРНУУДАД НЕФТИЙН ҮНЭ 15-20 ХУВИАР ӨСӨВ
ОХУ-ын Газпром компанийн мэдээлснээр нэгдүгээр сарын 27-ны байдлаар тус улсын худалдаалсан байгалийн хийн 58 хувийг авсан Европын болон бусад орнууд еврогоор төлбөрөө хийжээ. Харин нийт борлуулалтын 39 хувийг ам.доллар, гурав орчим хувийг стерлинг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр арилжаалдаг бараа бүтээгдэхүүний төлбөрийн ихэнх хувийг ам.доллар болон еврогоор хийдэг. Энэ нь дэлхийн валютын нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлдэг гэж “The Guardian” бичжээ. Тиймээс тус улс энэ 80 хувийг рубль болгон хөрвүүлэхийн тулд экспортын төлбөрөө рублиэр авч эхэлсэн юм. Энэ нь хэд хэдэн экспортын гол бараанд монополь тус улсын хувьд бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх шийдвэр байв.
Тухайлбал, дэлхийн металлын хэрэгцээний 40 орчим хувийг, авто машин үйлдвэрлэлийн 90 орчим хувийг Орос хангадаг гэж “S&P Global Ratings” компанийн судалгааны албаны дарга Паул Ваттерс ярив. Ингэснээр машин үйлдвэрлэгчид палладинаа рублиэр авах уу, эсвэл өөр нийлүүлэгч хайх уу гэсэн сонголтдоо тулгарлаа. Нөхцөл байдал хүндэрвэл үйлдвэрээ хаахад хүрч болзошгүйг Ваттерс анхааруулав.
Путины мэдэгдэл нь Европт байгалийн хийн хямралыг улам хурцатгах вий гэсэн санаа зовнилыг бий болгохын сацуу байгалийн хийн үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Тодруулбал, мэдэгдлийн дараахан Европын зарим орон болон Их Британид нефтийн үнэ 15-20 хувиар өссөн гэж “CNBC” мэдээлэв. Тиймээс Европын орнууд Оросоос байгалийн хийн хувьд хараат байдлаа багасгаж 2030 оноос өмнө нэлээд эрт экспортоо зогсоохоор төлөвлөж байгаа талаар Европын комисс мэдэгдэв.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин