Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх ширүүн тэмцэл юунд хүрэх бол?

Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх ширүүн тэмцэл юунд хүрэх бол?

Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх ширүүн тэмцэл юунд хүрэх бол?

 

Иран улсын эмэгтэйчүүд төв гудамжиндаа цугларан үсээ хусаж, хижаб буюу толгойныхоо алчуурыг шатаагаад долоо хоногийн хугацаа өнгөрөх гэж байна. Тэд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хаан боогдуулсан төр, Засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа нь энэ.
Учир нь Исламд эмэгтэйчүүд нүднээс бусад хэсгээ далдалсан битүү хувцас өмсөж явах ёстой гэсэн хатуу хууль үйлчлэхийн сацуу боловсрол эзэмшихээс эхлээд эдийн засгийн бүрэн эрх чөлөө ч байдаггүй билээ. Тиймээс уур бухимдал нь эцэстээ тулсан Иран эмэгтэйчүүд улсынхаа удирдагч Аяатолла Али Хаменейг огцрохыг шаардаж байна.
Нийслэл Тегеран хотод хижаб өмсөхөөс татгалзаж цагдаад баривчлагдсан 22 настай эмэгтэй Махса Амини нас барсны улмаас Иран улсад эмэгтэйчүүдийн өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал өрнөж эхлээд байгаа юм.Тодруулбал, Махса Амини цагдаад есдүгээр сарын 13-нд баривчлагдаад гурав хоногийн дараа буюу 16-нд нас барсан юм.Цагдаа нарын зүгээс Махса Аминиг зүрхний өвчний улмаас нас барсан, баривчилгааны үеэр эрүүдэн шүүгээгүй хэмээн мэдээлж байна. Харин Аминигийн гэр бүлийнхэн охиныгоо зүрхний ямар нэгэн өвчингүй байсан хэмээн мэдээлээд байгаа юм. Тиймээс  түүнийг хүчээр амийг нь  хөнөөсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлж эмэгтэйчүүд талбай дээр жагсаж, хижабаа тайлж, гал руу шидэж шатаасан юм. Зарим эрэгтэй тэдний жагсаалд нэгдсэн байна.
 
700 ГАРУЙ ТЭМЦЭГЧИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
 
сонин mn
Түүх сөхвөл, 1979 оны хувьсгалын дараагаас Иран улс Шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн хувцаслалтад хатуу хязгаар тавьж эхэлсэн байдаг. Тодруулбал, тус хуулиар эмэгтэйчүүд үсээ далдалсан алчуураар толгойгоо ороож, биеийн бүх хэсгээ далдалсан урт хувцас өмсөх ёстой гэсэн хатуу дүрмийг тогтоосон юм. Хэрэв хэн нэгэн эмэгтэй энэ хуулийг зөрчвөл баривчлах, торгох, олны өмнө гутаан доромжлох гэсэн арга хэмжээ авдаг болоод 43 жил өнгөрчээ. Эмэгтэйчүүдийн энэ эсэргүүцлийн цуглааныг зогсоохын тулд Засгийн газар нь пүрэв гарагийн байдлаар 700 гаруй хүнийг баривчилжээ. Үүнээс гадна 41 жагсагч нас барсан гэж “businesstoday.in” сайт мэдээлэв. Жагсаалын улмаас банкны 12 салбарын байр сүйдэж, 219 АТМ эвдэрсэн гэж Ираны төрийн хэвлэл мэдээлэв.
 
ЖАГСААЛЫН ТАЛААР СУДЛААЧИД ЮУ ХЭЛЭВ?
 
22 настай эмэгтэй Аминигийн нас барсан үйл явдал, хижаб өмсөхийн эсрэг жагсаал зэрэг нь эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой хатуу хяналтыг зөөлрүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн ажиглагчид үзэж байна. Энэ талаар АНУ-д төвтэй Ираны судалгааны төвийн шинжээч Омид Мемариан “Махса Аминигийн үхэл олон жилийн туршид хуримтлагдсан эмэгтэйчүүдийн уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн галыг өдөөлөө. Энэ тэмцэл анх удаагийнх биш ч өмнөх жагсаалуудаас илүү ширүүн болж байна” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.
Мөн Израилийн Рейхманы их сургуулийн Ираны улс төр судлалын профессор Мейр Жаведанфар “Иранчууд авлигад идэгдсэн, утга учиргүй дэглэмийг эсэргүүцэж байна. Энэ удаагийн жагсаал сүүлчийнх биш. Ийм жагсаал дахин олон удаа давтагдана. Гэхдээ Ираны Зэвсэгт хүчний багахан хэсэг нь ч гэсэн ард түмэнтэйгээ нэгдэхгүй бол удирдагчгүй энэ жагсаал хувьсгалын хэмжээнд хүрэхгүй” гэж ярьсан байна.
Харин НҮБ-ын Хүний эрхийн газраас цагдаа нар жагсагч эмэгтэйчүүдийг алгадах, бороохойгоор цохих, цагдаагийн машин руу албан хүчээр оруулах гэсэн хүч хэрэглэн тэмцэж байгааг мэдээлэв. Мөн цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, резинэн үрлээр бууджээ. Үүнээс гадна Ираны Засгийн газар Instagram, Skype, LinkedIn ,WhatsApp гэсэн олон нийтийн сүлжээний бүх платформыг хааж, интернэтийн сүлжээг хязгаарласан байна.
 
“ИРАН ЭМЭГТЭЙЧҮҮД СУЛ ДОРОЙ БИШ”
 
Жагсаалын талаар 27 настай Карим “Нийгэм, эдийн засаг, амьдралынхаа бүх хугацаан дахь эрхийнхээ төлөө 85 сая хүн тэмцэж байна. Энэ үндэсний хөдөлгөөн биш боловч эмэгтэйчүүдийн суурь эрхийн төлөөх тэмцэл юм” гэж  “Guardian”-д ярьжээ. Мөн 20 настай Розин “Манай улсын эмэгтэйчүүд алхам тутамдаа олон асуудалтай тулгардаг. Дан ганц хижаб өмсөхийг хориглодог бус Засгийн газрын бүтэн тогтолцооны асуудал бий. Эрх баригчид олон хүний амь хөнөөж, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, ямар ч сонголт үлдээгээгүй. Бид хүссэн хувцасаа өмсөж чадахгүйгээс гадна сонголт хийх ч эрхгүй. Олон жилийн туршид цагдаа нараар хянуулж, дуугаа хориуллаа. Одоо би эрх чөлөөг хүсэж байна.Тиймээс бид эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө доромжлуулсан үйлдлийн эсрэг өдөр бүр жагсаж байна. Гэхдээ бид амиа алдах эрсдэл маш өндөр байгааг дэлхий нийт мэдээсэй.Иран эмэгтэйчүүд сул дорой биш.Бид нүүр будалтын шинэ тренд, Холливуудын кинонд дуртай” гэж ярьжээ.
Харин 19 настай Мохсин “Замаар алхаж явсан өсвөр насны охиныг цагдаа бороохойгоороо цохиж байхыг лхагва гарагийн орой би харсан. Яг энэ мөчийг хэзээ ч мартахгүй. Долоо хоногийн туршид Иран эмэгтэйчүүд хэзээ ч төсөөлж байгаагүй хүчирхийллийн золиос болж байна. Бид дан ганц нэг эмэгтэйн үхлээс болж жагсаагүй. Сонголт хийх эрх чөлөө, ажилгүйдэл, хатуу хяналт, инфляцийн өсөлт гэсэн олон асуудлын улмаас эсэргүүцлээ илэрхийлж байна. Цагдаа нар бидний эсрэг түрэмгий авир гаргаж байгаа ч гавлах хүртэл нь тэмцэнэ. Эх орон, энэ хувьсгалыг эхлүүлсэн эгч нарынхаа төлөө би чадах бүхнээ хийнэ” гэсэн юм.
Сэтгүүлч 29 настай Реза “Жагсаалыг сурвалжлаад явж байтал цагдаа нар миний ажлын үнэмлэхийг хурааж, бороохойгоороо өвдөг рүү цохьсон. Тэд надаас ямар мэдээ бичиж байгааг минь асуугаад хэрэв сэтгүүлч гэдэг нь батлагдвал үнэмлэхийг чинь буцааж өгнө гэж амласан. Бид Махсагийн амиа алдсан тухай мэдээлэхдээ үхэл гэдэг үгийг ашиглахгүй байхаар шийдсэн. Учир нь цагдаа нар болон бусад хүн бидний ажлыг хянаж байдаг. Мөн аюулаас сэргийлж хамтран ажиллагсад маань дугаараа сольж, зарим нь өрөөгөө цоожлон ажиллаж байна.Бид амиа алдахаас үнэхээр их айж байна” гэв. Дашрамд дурдахад, Хижаб өмсөхөөс татгалзсаны улмаас баривчлагдаж нас барсан эмэгтэй курд байжээ. Курдууд буюу Курдистан үндэстэн Ираны хүн амын 10 орчим хувийг эзэлдэг. Энэ талаар Ойрхи Дорнодын дэлхийн асуудлаарх зөвлөлийн ахлах ажилтан Ранж Аладдин “Иранд олон жилийн турш дарлагдсан Курд үндэстнүүд Махса Аминийн амиа алдсантай холбоотойгоор хувьсгал өрнүүлж болзошгүй байна. Гэхдээ энэ нь Курд үндэстний гэхээсээ илүү Исламын Бүгд найрамдах улсын улс төр, үзэл суртлын тогтолцоотой холбоотой том асуудлыг гаргаж ирлээ” гэв.  Засгийн газраас нь интернэтийн сүлжээг хаасан ч  Иран эмэгтэйчүүдийн үсээ тайрч байгаа бичлэг олон улсын хэвлэлээр тархсаар байна. Тиймээс энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалын хэлбэрийг өмнөх тэмцлүүдээс илүү хүчтэй байна хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.
 
Б.Должинжав
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0