Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

Цементийн хомсдол зах зээлд үүссэнээр томоохон бүтээн байгуулалтууд удаашрах болов. Тухайлбал Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил зогсох эрсдэлтэй тулж байна. Нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар он дуустал импортын цементийн татварыг тэглэх шийдвэр гаргасан. Ард иргэдийн дунд ч цементийн үнэ буурна гэх хүлээлт үүсэв.
Гэтэл цементийн үнэ буурах биш эсрэгээрээ огцом өслөө. Тодруулбал “МАК Цемент” ХХК гэрээт борлуулагчдадаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон  худалдаж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээлсэн. Тэгвэл 9 дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан байгаа юм.
Засгийн газраас дээр дурдсан шийдвэр гаргахдаа “импортын цементийн татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр тийм байсангүй.
Тэгвэл дээрх үйл явдлын талаар “МАК цемент” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар тайлбар өгөв.
  • Н.Цэлмүүн "Засгийн газар импортын татвар тэглэсэн ч цементийн үнэ буураагүй. БНХАУ-аас орж ирсэн цемент 570 мянга төгрөг байна. Тэгээд ч ханшийн сулрал, тээврийн зардлын өсөлт, боомтын гацаа, шинэ хөдөлмөрийн хууль, ХБ-ны өндөр хүү зэргээс хамаараад цемент үйлдвэрлэх өртөг нэмэгдэх шалтгаан байна" гэв.
  • С.Мөнхчулуун “МАК цемент” ХХК цементийн үнээ өсгөх үндэслэлгүй. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Мөн шатахууны үнэ тогтвортой байна. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна. "МАК цемент” ХХК-д зөрчлийн хэрэг нээн шалгуулахаар болсон"  гэсэн юм.
скачать dle 12.0