Баруун таван аймагт байрны үнэ навс хямдрах боломжтой
Нүүдлийн суурь соёл иргэншилтэй монголчууд суурьшмал амьдралд дасан зохицох гэж хэрэндээ хичээж л явна.
Аймгийн төвүүдэд дунджаар 30-50 мянган өрх амьдардаг болсон. Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийн жим бүдгэрсэн ч багаас сум, сумаас аймаг руу шилжих хөдөлгөөн огцом нэмэгдэж байгааг судалгааны дүнгүүд илтгэдэг.
Угаасаа ганц олдох амьдралдаа цэг тавихыг хүсээгүй л бол даац нь хэд дахин хэтэрч нүүрсний утаа, хөрсний бохирдол, автомашины түгжрэл гуравтаа бүрэн эзлэгдсэн Улаанбаатар руу зүглэлтгүй болсон. Гэрээ зараад Хүрээ рүү нүүе гэхээсээ илүү нутагтаа сайхан амьдрах юмсан гэх хүмүүсийн мөрөөдлийг яаж бодит болгох вэ.
Нийслэлээс 1,000-аас дээш км-ээр алслагдсан баруун бүсийн таван аймаг бий.
Алслагдсан аймгийнхан төв суурин газрынхантай яг ижил хэмжээтэй цалин авдаг боловч амьдралын өртөг нь хоёр дахин үнэтэй. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар ядуурлын төвшин баруун аймгуудад хамгийн өндөр хувьтай гардаг.
Орон сууцны ам метрийн үнэ өндөр байгаа нь барилгын хамгийн чухал бүтээгдэхүүн болох цементийн үнэ Улаанбаатарынхаас даруй хоёр дахин үнэтэй байдагтай шууд холбоотой. Тонн цементийн үнэ зах зээл дээр 160 мянган төгрөг байхад баруун таван аймагт хамгийн багадаа 330 мянган төгрөг байдаг.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийнхан хэрэгцээт цементээ Улаанбаатараас тээвэрлэн авчирдаг учраас хоёр дахин өндөр үнэтэй, бас тэгээд олдоц муутай. Ингээд л орон сууцны үнэ онцгой өндөр тогтжээ. Ойрхон хилээс импортын цемент авч болох ч 30 хувийн татвартай тул хоног хугацаа алдсан ч хамаагүй Улаанбаатараас зөөх нь хавьгүй дээр байдаг.
Барилгын материал үйлдвэрлэгчдийн тооцоолсноор баруун таван аймгийн цементийн жилийн хэрэгцээ 200 мянган тонн ажээ.
Засгийн газар энэ бүс нутагт цементийн үйлдвэр зайлшгүй байх ёстой гэдгийг олж хараад 2012 онд үйлдвэр барих шийдвэрээ гаргачихсан юм билээ. Одоо төр, засгаас гаргасан энэхүү шийдвэрийг ажил хэрэг болгох, үйлдвэр барих ажлыг яаралтай эхлүүлэхийг баруун аймгийнхан шаардаад эхэлж.
Үүнээс гадна жил бүр тээвэр хийхэд шатаадаг 43 тэрбум төгрөг энэ бүс нутагт амьдардаг таван аймгийн хүмүүсийн халаасанд үлдэнэ.
Хамгийн чухал нь цементийн үнэ хоёр дахин хямдарчихвал баруун таван аймагт орон сууцны үнэ 35-40 хувиар хямдрах боломжтойг барилгын салбарын мэргэжилтнүүд тооцож гаргажээ.
Энгийнээр хэлбэл, одоо дунджаар 1.5 сая төгрөгийн ханштайгаар борлуулагдаж байгаа байрууд ам метр нь нэг сая орчим төгрөг болж хямдарна гэсэн үг. Нөгөө талаас ипотекийн урт хугацааны зээлээр дэмжээд өгвөл орон сууц худалдан авалт нэмэгдэж, аймгийн төвүүдийн толгойн өвчин болоод байгаа утаа ч нэг мөр шийдэгдэнэ.
Нутаг орондоо цэвэр агаартай, тохилог сууцтай сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлье гэвэл Засгийн газрын шийдвэрийг биелүүлж цементийн үйлдвэрээ түргэхэн ашиглалтад оруулах бодит алхмыг нэн даруй хийх шаардлагатай байна. Ингэж чадвал баруун таван аймагт орон сууцны үнэ навс хямдрах боломж бодитой байна гэдгийг жишээгээр өгүүллээ.
Ер нь үйлдвэр барина гэдэг олон жил үр өгөөжээ өгөх хөгжлийн баталгаа гэж хэлж болно. Баруун бүсэд цементийн үйлдвэр барьчихвал 250-350 ажлын байр шинээр бий болно, төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм билээ.
Баруун таван аймгийнхаа хэрэгцээг хангачихаад илүү гарсан бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлох гэх зэргээр алсын хараагаа тодорхойлж ч болно. Дэлхий нийтээрээ бетоноор зам тавьдаг шинэлэг технологийг ашиглаад эхэлчихлээ. Хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлж сумдаа бетонон замаар холбоод авбал хүнээ бодсон, нутагтаа сайхан амьдрах хүслийг нь биелүүлсэн сайхан ажил болно. Ганц нэг удаагийн өглөг харж суухаар үйлдвэрээ бариад авчихвал ажилтай орлоготой, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй насан туршийн амьдралын баталгаагаар хангагдлаа гэж нүүр бардам хэлж болно.
Т.Наран