Хүнсний ногооны тариалалт 15 хувиар өсчээ
Улсын хэмжээнд энэ сарын эхний 10 хоногийн байдлаар үр тариа, төмс, хүнсний ногоо нийт 581 мянган га талбайд тариалжээ. Энэ нь өмнө оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин техникийн ургамал 20 хувь, хүнсний ногооны тариалалт 15 орчим хувиар өссөн талаар ҮСХ-ноос мэдээллээ.
ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар тариалсан талбайн 85.7 хувь буюу 290.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээ бүхий үзүүлэлттэй гарчээ. Энэ жил цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтыг 5 дугаар сарын 3-наас эхлүүлж, тариалалтыг технологийн хугацаанд буюу 17-24 хоногт багтаан гүйцэтгэсэн байна.
Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс тариалан бүхий ААН, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийжээ. Цаашид салбарын яамнаас:
- Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын нөөцийг бүрдүүлж, тасалдалгүй хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулах,
- эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, агуулах зоорь бүхий ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэх,
- байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэд техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,
- таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.