ОЛОН УЛСЫН ШУУДАН ИЛГЭЭМЖЭЭР МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРСЭН ЗАЛУУГ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээнийн хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкын нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ.
Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн үйлдлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоолоо.
Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилжээ.
Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай, Өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох Каннабис 0,5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.
О.Гэрэл
Оллоо.mn