Орос, Украины асуудалд "нэг цонх"-ны бодлогоор хандана

Орос, Украины асуудалд "нэг цонх"-ны бодлогоор хандана

Орос улс Украин руу дайраад арваад хонолоо. Хоёр талаас санаачлан  хэлэлцэж тохирох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийлээ. Үр дүн гарсангүй. Ерөнхийдөө сунжрах тал руугаа орж байх шиг байна. Учир нь уг дайны “захиалагчид” барьцаа улам лавшруулж, Украиныг “сумлаж”, Оросыг хатгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оросыг бүрэн хэмжээгээр хориглож эхэллээ. Ингэхээр Орос, Украины дайныг өнөө маргаашдаа зогсох шинжгүй болж байна гэсэн үг.
 
Гэхдээ “баавгай” ганцаардсан байна. Уржигдар шөнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, Оросыг буруутгасан тогтоол дээр санал хураалаа. Тодруулбал, Оросоос Украинд хийж байгаа дайныг буруушааж, цэргээ даруй татахыг уриалсан агуулгатай тогтоол байв. Тогтоолыг НҮБ-ын гишүүн орнуудын 141 нь дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Орос өөрөө, мөн Хойд Солонгос, Беларусь, Эритрей, Сири улс эсэргүүцсэн байна. Харин Энэтхэг, Хятад, Казахстан, Ирак, Иран, Пакистан, түүнчлэн Ази, Африк, Латин Америкийн нийт 35 улс түдгэлзсэн санал өгчээ. Түдгэлзсэн улсуудын нэг нь Монгол болсон юм.
 
Эндээс манай улсын эрх баригчид Орос, Украины асуудлаар “төвийг сахисан” байр суурьтай байгааг харж болох юм. Манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс өнгөрсөн арваад хоногт ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Харин ч “амаа хамхих” бодлоготой байгаагаа төрийн бүх байгууллагад сануулсан байна. Засгийн газрын уржигдрын хуралдаанд ГХЯ дэлхий нийтэд болж буй үйл явдлын талаар мэдээлэл хийсэн байгаа юм. Орос, Украины асуудлаар гэсэн үг. Түүний дараа Ерөнхий сайдын зүгээс энэ талаарх Засгийн газрын баримтлах бодлогын чанартай үүрэг чиглэлийг төрийн бүх байгууллагад өгсөн байна. Юу юм гэхээр, Монгол Улс энэ асуудал дээр "нэг цонх"-ны бодлоготой байна. Тиймээс төрийн бүх байгууллага ГХЯ-ны зөвшөөрөлгүйгээр, аливаа асуудалд сэтгэл хөдлөл, хувийн үзэмжээр хандахгүй байхыг үүрэг болгожээ.
 
Ер нь бол манай улс газарзүйн байршил, эдийн засгийн хамаарал зэргээсээ шалтгаалаад Орос, Украины асуудал дээр ийм байр суурь барихаас өөр аргагүй. Угтаа энэ нь манай улсын хувьд туйлын хянамгай, амаа хамхих ёстой сэдэв юм. Энэ дайн дэлхийн эдийн засаг, геополитикт асар том өөрчлөлт авчрах нь тодорхой болсон. Тэрэнд нь манайх хамгийн түрүүнд өртөнө. Өвдөлтийг хамгийн ихээр мэдэрнэ.
 
Тийм учраас Монголын төр ажиглах байр суурьтай байж, дайны улмаас үүсэх хямралыг даван туулахдаа бэлдэх ёстой болж байгаа юм. Хамгийн том бэлтгэл нь бид дотооддоо эв нэгдэлтэй байх учиртай юм байна. Хавар болохоор эхэлдэг улс төрийн элдвийн синдром энэ жилдээ лав хэрэггүй. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг юм.
 
Гэвч далайн цаанаас шидсэн “чулуу” Монголын төв талбайд гарч ирсээр л байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0