Украины Радад Байденыг устгахыг уриалжээ
Украины Аюулгүй байдлын алба Оросын "халдлага”-ын талаарх худал мэдээлэлтэй тэмцэх ажлын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг устгах ёстой гэж Укарины Радын "Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” намын гишүүн Илья Кива Telegram сувагт бичжээ.
"Хэрэв боломжтой бол түгшүүр сандралыг бий болгогч гол хүн, дайн өдөөгчийг устгах хэрэгтэй” хэмээн тэрбээр уриалсан аж. Америкийн төрийн тэргүүний хэлсэн үг, хийж буй үйлдэл нь Украины эдийн засаг, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн тэрбээр үзэж буй аж.
"Зеленский ийм л зорилгоор түүнийг Украинд урьсан гэж найдаж байна” хэмээн Кива дүгнэжээ. Сүүлийн үед Орос, барууны орнуудын харилцаа нэлээд төвөгтэй байгаа юм. Вашингтон, Брюссель Москваг "Украин руу дайрах”-аар бэлтгэж, цэргүүдээ хөрш улсынхаа хил дээр татаж байна гэж буруутгаж буй.
Тухайлбал, Bloomberg агентлаг хоёрдугаар сарын 15-нд, Politico сонин Цагаан ордны эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн хоёрдугаар сарын 16-нд халдаж болзошгүй гэж мэдээлж байгаа юм. Харин Орос эдгээрийг үгүйсгэж, Киевийг Минскийн гэрээгээ биелүүлэхгүй, галын шугаман дээр армийнхээ бие бүрэлдэхүүний талыг нь байршуулсан, хориотой зэвсгээр босогчид руу бууддаг гэж буруутгажээ.