Цагаан сараар үнийн өсөлт эрчимжих магадлалтай

Цагаан сараар үнийн өсөлт эрчимжих магадлалтай

 

-Монголбанкны инфляцын төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлжээ-

Монголбанк инфляцын хэтийн төлөвийг танилцуулжээ. Өнгөрсөн сард үнийн өсөлт буюу инфляц улсын хэмжээнд жилийн 10.5 хувьтай гарсан. Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний үнэ 18.7 хувиар огцом өссөн эдийн засагчдын санааг зовоох болсон юм. Төв банкны Инфляцын тайланд дурдсанаар хил хаагдсантай холбоотойгоор аравдугаар сард үнэ нь огцом өссөн.

Тухайлбал, дотоодын хүнсний ногооны үнэ өндөр өсөлт үзүүлсэн нь инфляцыг дэмжжээ. Ерөнхийдөө Замын-Үүд боомт хаагдсан, олон улсын хүнсний үнэ өндөр тогтох болсон, тээврийн зардал өссөн зэрэг нь үнэ өсөх үндсэн шалтгаан болсон талаар онцолжээ.

Мөн Засгийн газраас шатахууны үнийг чөлөөлөх арга хэмжээ авсантай холбогдуулан, жижиглэнгийн үнэ 700-750 орчим төгрөгөөр өссөн нь инфляцын хоёр хувийг бүрдүүлсэн. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өндөр байгаа нь ч үүнд нөлөөлжээ.

Энэ мэт шалтгааны улмаас үнийн өсөлт Төв банкны зорилтот түвшнээс давсан. Гэвч үнийн өсөлт 2022 оны дундаас эхлэн тогтворжих төсөөллөө Монголбанкны шинжээчдийн зүгээс энэ удаад ч хэвээр хадгалсан байна.

 

Үүний өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан мэдэгдэлдээ "Төв банкнаас бизнесийн байгууллагуудад урт хугацаатай олгож буй санхүүжилтийн  зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглах замаар үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авна” гэдгийг онцолсон байдаг.


Өнгөрсөн хугацаанд хил, гааль дээр үүссэн гацаа, тээвэрлэлтийн зардал, малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, олон улсын шалтгаантай шатахууны үнийн өсөлт инфляцыг өдөөсөн болохыг дээр дурдсан. Тэгвэл эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хүлээлт бас гарчээ.

Тухайлбал, монголчуудын уламжлалт сар шинийн баярын иргэд хэт их эрэлт үүсгэж, үнийн өсөлт бий болгодог зүй тогтолтой.  Цагаан сараар мах, махан бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Энэ жилийн хувьд орон нутагт малын халдварт өвчин дэгдсэн нь махны үнийн өсөлт улирлын хандлагаасаа давж нэмэгдэхэд нөлөөлсөн. Орон нутаг дахь малын өвчлөл өнөөдөр ч намжаагүй байгаа бөгөөд  энэ нь махны үнийг хөөрөгдөх үндсэн шалтгаан болж мэднэ.

 

Түүнчлэн БНХАУ-ын хилийн хязгаарлалтаас шалтгаалан нийлүүлэлт саатсан нь импортын хүнсний ногоо болон бусад хүнсний үнэ өсөхөд нөлөөлж, үүнийг дагаад дотоодын хүнсний үнийн өсөлт мөн өмнөхөөс нэмэгдэх төлөвтэй байгааг Монголбанкны шинжээчид онцолсон байна.


Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дотоодын шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдах магадлалтай зэрэг нь инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Ийнхүү энэ оны эхний хагаст инфляц зорилтот 6-8 хувийн түвшнээс давахаар байгаа аж. Ингэхдээ Засгийн газар болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын нөлөө уул уурхайн бус салбарыг дэмжиж дотоод эрэлт сэргэнэ.

Ханш сулрах нөлөөгөөр эрэлтийн шинжтэй инфляцын дарамт дунд хугацаанд алгуур нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ, гадаад инфляцын төсөөлөл нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн сэргэлтийг дагасан инфляцын дарамт нэмэгдэх гэж үзжээ.  

Д.ДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0