Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эрх мэдлээ авч чадах уу?
Ардын нам 30 дугаар Их хурлаа зарлалаа. Яг долоо хоногийн дараа болно. Ардын намынхан энэ Их хурлаар намын даргаа сонгоно. Хэлэлцэх үндсэн дөрөв, таван сэдвийнх нь "топ" нь энэ болоод байгаа юм. Өнөөдөр Ардын намын даргын үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэж байна. Түүний нэрийг намын дарга асан, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Удирдах зөвлөл, Бага хуралд оруулсан. 2021 оны зургадугаар сарын 9-ний шөнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөсөн. Тангараг өргөснөөр Ардын намын гишүүн биш болох учраас дараагийн даргыг тодруулах ёстой. Тэр номоор тангараг өргөхийнхөө өмнөх өдөр Ардын намын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлж буйгаа хэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүд нь бүгдээрээ дэмжээд гаргасан. Ардын намын Бага хурал маргааш нь буюу Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр хуралдаж, намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг сонгож байв. Удалгүй Дээд шүүхэд хандаж, тус шүүхийн бүх шүүгч долдугаар сарын 9-ний өдөр хуралдаад, Ардын намын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Тэгж Л.Оюун-Эрдэнийг намын даргаар бүртгэсэн.
Гэхдээ Ардын намын дүрмээр намын дарга нь Их хурлаасаа сонгогдох ёстой. Сонгогдох шүү. Тус намын дүрмийн 24 дүгээр зүйлд "...Ардын намын дарга,түүний бүрэн эрх” гэж бий. Түүний 24.2-т нь "...Ардын намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсэн байдаг. Гэтэл хэвлэлийн мэдээлэл, улстөрчдийн амнаас намын даргыг "...Жинхэлнэ”, "..Баталгаажуулна” үг гараад байгаа нь хачин л сонсогдоод байгаа юм. Нэгэнт л "...Сонгоно” гэсэн дүрэмтэй учраас Их хурлын төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргад нэр дэвшигч болж таарна.
Гэхдээ одоогоор Л.Оюун-Эрдэнээс өөр Ардын намын даргад нэр дэвшигчийн нэр дуулдахгүй байна. Нэгэнт Ерөнхий сайдын албан тушаалд очсон Л.Оюун-Эрдэнэ ч Ардын намын даргын суудлаас татгалзахгүй гэдэг нь тодорхой байна. Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр сонгууль болж өнгөрсөн. Хоёуланд нь Ардын нам ялсан. Намын даргын тамга аваагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Тамга авснаас нь хойш хоёр тойрогт болсон нөхөн сонгуульд ялсан. Ер нь алив намын даргыг унагадаг шалтгаан бол сонгуулийн ялагдал л даа. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн тухайд Их хурлаасаа Ардын намын дарга болоход улс төрийн "нээнтэг” лав алга. Дээрээс нь Ардын намын лидерүүд, тэднийг дагасан фракцууд Л.Оюун-Эрдэнийг дэмжих хандлагатай байгааг олон эх сурвалжийн мэдээллээс харж болохоор байна. Түүний гараар хийгдэж буй сүүлийн хэдэн сарын томилгооноос ч хамгийн их зөрчилтэй байсан Хотын фракцтайгаа "гар барьсан” бололтой байгаа юм. Бас Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн яриад байдаг "дунд доод шатны авлига, хүнд суртал, үүнийг дагасан хүний эрхийн зөрчил”-ийг томоохон хэмжээний акц болгож байна.
Тэрбээр "...Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн хүндрэл болсон эдгээр асуудалтай эрх баригч нам тууштай тэмцэнэ” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Хэрвээ ингээд Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга болох юм бол улс төрийн эрх мэдэлтэй болно. Одоо бол Ерөнхий сайдын мэдлийн захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж буй.
Өөрөөр хэлбэл, тэр Ардын намын дүрэм дэх намын даргын "...Намын ардчилал, эв нэгдлийг хангах”, "...Намыг дотоод, гадаадад төлөөлөх”, "...Намын ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг бага хуралд оруулах”, "...Намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл,намын их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар удирдах зөвлөлд санал оруулах”, "...УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ”, "...Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна” гэсэн эрхүүдийг эдэлнэ. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын даргын эдлэх эдгээр эрхтэй хамт улс төрийн эрх мэдэл гэдэг юмтай болно.
Нөгөө талаас тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд яг 10 сар ажиллаж байна. Нөгөө л COVID19 цар тахалтай нүдэлдсэн 10 сар л даа. Энэ хооронд олон үйл явдал болж өнгөрлөө. Сайн ч бий, саар ч байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар магтаалаас илүүтэй шүүмжлэл дунд ажиллаж ирэв. Шатахуун хомсдож, шахмал түлш тасарч, хил хаагдаж, эдгээрээс улбаатай нийгмийн бухимдал оргилсон. Ийм өдрүүд олныг өнгөрүүллээ. Тэр бүрт Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын танхимын сайд нарыг чиглэсэн шүүмжлэл хүчтэй өрнөдөг. Хэд хэдэн сайд дээр ийм асуудал гарсан. Явж явж "...Засгийн газрын "дан дээл”-тэй сайд нар жулдаад байгаа юм байна” гэсэн дүгнэлт нийгэмд бий болсон байна.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олгогдсон том эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бараг эхний Ерөнхий сайд юм. Түүгээр, наад зах нь сайд нараа солих гэж УИХ-ыг царайчлах шаардлагагүй. Нэр танилцуулаад л болно. Гэвч өнөөдрийг хүртэл тэрбээр энэ эрх мэдлийг гэхэд л нэг ч удаа хэрэгжүүлээгүй. 10 сарын өмнө томилсон сайд нар нь хэвээрээ байгаа юм.
Нөгөө талаас энэ Засгийн газар COVID19 цар тахлын эсрэг вакциныг бол тултал "шахаж” чадсан. Энэ нь алдаа гэвэл ялыг, нэмэр тус болдог бол үр дүнг нь эд заавал хүртэх ёстой юм. Одоо "...Гурав дахь тунгаа хийлгээд өгөөч” гээд гуйгаад байна.
Мөн эдийн засгийн үзүүлэлт нь энэ Засгийн газраас өмнө "-5” хүрч унаад байсан бол өнөөдөр "4.3” хүрсэн мэдээ бий. Хэдийгээр Сү.Батболдын үе шиг гангарч болохгүй ч дэлхий сандарч байгаа энэ үед бас ч гэж гол болохгүй "тоо” шүү. Том төслүүд хөдөлгөөд, ирэх оноос эдийн засгийн гол хөшүүргүүд рүүгээ төсөв хаяхаар шийдсэн нь найдлага төрүүлж л байгаа юм. Гэвч COVID19 цар тахал цаашид улам дэлгэрч, тахлын шинэ хувилбарууд үүсч, дэлхийн эдийн засаг улам муудвал байдал улам түвэгтэй болно. Үгүйсгэх аргагүй. "...Монголчууд мах, гурилтайгаа байхад л амьдраад байна” гэдэг ямар худлаа болохыг урд хил хаагдахад л бид ойлгосон. Үүн шиг дэлхий COVID19 цар тахлаас болж хэр их хямарна, бид бас тийм л байх болно. Үнэн нь энэ.
Үүнийг яриад байгаа нь COVID19 цар тахал хүндрээд байх нь эрх баригчдад, тодруулбал, Засгийн газарт, Ардын намд сайн нэр олох боломж олгохгүй л болов уу. Тэгээд ч "...Ардын нам бол 2016, 2020 оны сонгуульд дараалан үнэмлэхүй амжилттай оролцсон. Циклээрээ 2024 оны сонгууль Ардын намд тун амаргүй” гэдэг "таамаг” их яригдах болсон.
Тэр талаас нь харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга болбол "ирээдүй”-гээ их л бүрхэг болгоно. Бод доо, Ардын нам 2024 оны сонгуульд унавал Л.Оюун-Эрдэнийн богино хугацаанд огцом хурдалсан карьерт цэг тавих хэмжээний яриа хөөрөө гарч ирнэ. Намынх нь болоод улс төрийн дүрэм тийм юм. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнээс хамаарах улсын ч, намын ч хувь заяанаас жижиг юм.
Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ардын намын даргын сонгуульд ялж, улс төрийн эрх мэдэлд хүрч чадвал, COVID19 цар тахал, эдийн засаг, нэмээд улс төр гэсэн том том ачаатай "2024”-ийг зорих болно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин