АН-ын Онц их хурал болсон бол С.Эрдэнийг огцруулахаар төлөвлөж байжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Ардчилсан нам 3 сарын 27-ны орой хэвлэлийн бага хурал зарлан байр сууриа илэрхийлсэн билээ.
Уг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ЕНБДарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд болон намын бусад гишүүд оролцож, байр сууриа илэрхийлсэн .
Энэ үеэрээ тэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Ардчилсан Намын онц их хурлыг зарлаж байгаа гэдгээ зарласан юм.
Гэвч 3 сарын 29-нд Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ онц их хуралдай буюу жагсаал зохион байгуулах тухай тушаал гаргаж, намынхаа онц их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байв.
Яагаад?
Ямар учраас АН-ынхан хоёрхон хоногийн дотор эргэж буцсан "уймраа хөгшин" шиг зүйл хийх болов?
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэрэв Ардчилсан Намын онц их хурал болсон бол АН-ын дарга С.Эрдэнийг огцруулахаар хэсэг улс төрчид "цахилгаан төлөвлөгөө" боловсруулсан байжээ.
Уг төлөвлөгөөг С.Эрдэнэтэй тэмцэнэ гэдгээ ил тод зарласан Ардчилсан Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн баг дангаараа биш "Алтангадас" фракцийнхантай хамтран боловсруулсан гэнэ.
Тэр бүү хэл Ардчилсан Намын дараагийн дарга Я.Санжмятав байж болох юм гэсэн яриа ч яригдаж эхэлсэн байжээ.
Ардчилсан Намын жирийн гишүүдийн дунд ч АН-ын дарга С.Эрдэнэ "МАНАН"-гийн удирдагч гэгдэх Ц.Элбэгдорж, М.Энхболд нартай нэр холбогдсонд сэтгэл дундуур байгаа олонлог бодитой бий болсон аж.
Иймээс л "гэнэтийн довтолгоон"-д бэлэн биш байсан Ардчилсан намын удирдлагууд 4 сарын 4-нд зарласан байсан онц их хурлаа яаран цуцалжээ.
П.Энхмандах