Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах уу?

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах уу?


Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн гишүүд тус намын Их хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа  гаригт хийхээр товлон зарласан байна. МАН-ынхан энэхүү XXX Их хурлаараа намын даргыг сонгох, Шинэ эргэлтийн бодлого, Хариуцлагын тогтоол, Хүний нууцын тогтоол зэрэг дөрвөн гол асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Эдгээрээс улс төрийн хувьд анхаарал татах нь намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна.

Түүнийг 2021 оны зургадугаар сарын 25-ны МАН-ын XI Бага хурлаас намын даргаар сонгосон юм. Тухайн үед "...МАН-ын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд авлигалаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн” гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байв. Ямартай ч түүнээс хойшх таван сарын хугацаанд Монгол Улсын авлигын индекс нэг байраар ухарч 110 дугаарт бичигдсэн байдаг.
Улмаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-нд болж, "Намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” МАН-ын хүсэлтийг хэлэлцсэн. Ингээд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн гэж үзээд намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэсэн байдаг.
 
Тэгвэл энэ "сонгууль” нь МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан "...МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсний хүрээнд болж буй аж. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ Их хурлаараа МАН-ын дарга болж чадвал улс төрийн бүрэн эрх мэдэлтэй болно.
 
Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах эсэх нь Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал "...Хөдлөх үү, үргэлжлэх үү” гэдгийг шийднэ. Цаашлаад олон зүйл МАН-ынхны XXX Их хурлаас шалтгаалахаар болж байна.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0