Япон, Их Британийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ
Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс нар лхагва гарагт утсаар ярьж, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоохын төлөө аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Хоёр орны Гадаад хэргийн сайд нар 30 орчим минут ярилцах үеэрээ Зүүн, Өмнөд Хятадын тэнгисийн статус квог хүчээр өөрчлөхөд чиглэсэн нэг талын аливаа үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаагаа дахин нотолсныг Японы Гадаад хэргийн яам уламжилсан байна.
Мөн Э.Трасс энэ сарын эхээр Гадаад хэргийн сайдаар томилогдсон Х.Ёшимасад баяр хүргэжээ. Түүнчлэн талууд 11 гишүүнтэй “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх Их Британийн хүсэлтийн талаар хэлэлцэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.