Эмч, сувилагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо
Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боллоо. МУ-н Засгын газраас чиглэл болгож, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзах үеэр эмч, сувилагч, асрагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зурсан байна.
Үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын 20 мянган ажилчны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг өмнө нь хүргүүлсэн юм. Мөн вакцинжуулалтын тарилт бүрийн 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд 7 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс 3 тэрбум нь аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн газарт, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд 4.5 тэрбумыг тус тус хуваарилжээ. Өмнө нь вакцинжуулалтын тарилт бүрт олгох ёстой мөнгө анхан шатны байгууллага дээр гацдаг байсныг ийнхүү шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагуудыг шахаж ажиллаж буй талаар салбарын сайд С.Энхболд мэдэгдсэн. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангах чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа нь нууц биш. “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцаж ажилладаг байсан бол энэ тоо өнөөдөр 40 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 200 гаруй эмч, ажилтан Covid-19-д өртсөнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв.