С.Амарсайхан: Тодорхой байршлуудад 1,500 ор дэлгэнэ. Хүчилтөрөгчөөр бүрэн хангах 1,000 орчим баллон захиалсан
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өчигдөр өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв.Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо.
Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм.
“Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллана.
Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1,500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1,000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Энэ үeэр худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналт,Цагдаагийн eрөнхий газраас мэдээлэл өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.