Хуйвалдаан зохион байгуулсан цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарт хариуцлага тооцох уу?
Улсын Дээд шүүхийн нийт гишүүд өчигдөр хуралдаж бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоогийн оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулганыг сонгож, УИХ-д санал хүргүүлжээ.
Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт анхнаас нь орж ажилласан хуульчдын нэг бөгөөд Цэц дээр хэлэлцэгдэхээр дуулиан үүсгээд байгаа “өмнө нь болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлыг эцэслэхэд бодит үнэлэлт дүгнэлт өгөх хүний нэг хэмээн ажиглагчид үнэлж байна.
Тэрбээр бүрэн эрхийн эрхийн хугацаа нь дууссан Ш.Цогтоогийн оронд Цэцийн гишүүн болох бөгөөд ирэх лхагва гаригийн УИХ-ын чуулганаар баталгаажуулах мэдээлэл байна. Харамсалтай нь энэ үйл явдалтай зэрэгцээд Цэцийн гишүүн Ш.Цогтоо бүрэн эрхээ дуусахаас өмнө амжиж, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” худал мэдээлэл тараасан хэнээс ч, юунаас ч хараат бус байх ёстой Цэцийн гишүүд нэг хүнээс ямар их хараат байсныг баталсан үйл явдал боллоо.
Цэцийн түүхэнд гарч байгаагүй 2 гишүүний хуйвалдаан гэж хэлж болохоор хууль бус шийдвэрийг энэ 2 гишүүн анх удаа гаргалаа. Цаашид ийм явдал дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ёс зүйгүй хуйвалдаан хийсэн бүрэн эрхийн хугацаа нь ганц хоёрхон хоногийн дараа дуусч байгаа Ш.Цогтоо болон Ц. Нанзаддорж нарт Цэц ямар хариуцлага тооцох вэ? Тамга тэмдэггүй хуурамч албан бичгээр нийгмийг талцуулж, улс төрд талцал үүсгэсэн Цэцийн гишүүдийг цагдаа хууль хяналтынхан шалгаж тогтоохыг ард түмэн хүлээж байна.