70 мянган өрх бүрээс нэг иргэнийг ковидын шинжилгээнд хамруулна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.
Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хорооноос тандалт хийх зорилгоор хамруулна.
Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.
Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ