Хятадын вакцин 150 орчим ам.долларын үнээр зарагдана
/TASS/. БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанийн идэвхгүй вакциныг ирэх 12 дугаар сард 150 орчим ам.доллароор зах зээлд гаргана хэмээн тус компанийн ерөнхийлөгч Лю Жиньзэн мэдэгджээ.
“Олон улсын эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат дууссаны дараа идэвхгүй вакциныг бүртгэх боломжтой болно. Бидний тооцоолж байгаагаар, идэвхгүй вакцин 12 дугаар сарын сүүлч гэхэд зах зээлд гарна. Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн идэвхгүй вакциныг жилд 120 сая хүртэлх тунаар үйлдвэрлэх боломжтой бол өөр 100 сая туныг Ухань хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн үйлдвэрлэх боломжтой” хэмээн тэрбээр мэдэгджээ.
“Надад вакцины хоёр тарилга хийхэд ямар ч гаж нөлөө үзүүлээгүй. Идэвхгүй вакцин зах зээл дээр гарахад үнэ нь тийм ч өндөр байхгүй. Вакцины нэг тарилгыг хийхэд хэдэн зуун юаниар борлуулагдах бол хоёр тарилга хийхэд 1000 юань буюу 144 ам.долларын үнэтэй болно. Нэг тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 97 хувь байх бөгөөд эсрэг биет аажмаар үүснэ. “COVID-19”-г эсэргүүцэхэд хангалттай түвшинд хүрэхэд ойролцоогоор хагас сарын хугацаа шаардагдана. Хоёр дахь тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 100 хувьд хүрнэ. Хоёр тарилгыг 28 хоногийн зайтай хийнэ. Хятадын 1.4 тэрбум хүнийг вакцинжуулалтад заавал хамруулах шаардлагатай” гэж Лю Жиньзэн ярьсан байна.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг