Нийслэлийн удирдлагуудад "очков" өгч буй "Урт цагаан"-ы дахин төлөвлөлт
"Урт цагаан" үйлчилгээний төвийн 1584 метр.квадрат талбай бүхий нэгдүгээр корпусын барилгыг нураах ажлыг 2020 оны долдугаар сарын 23-нд эхлүүлж, барилга байгууламжийн шинэчлэлтийн ажил эхлээд байгаа билээ.
Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны тавдугаар 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэр гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Засаг дарга “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгах, өмчийн бүртгэлээс хасах тухай А/736 тоот захирамжийг 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газраас авч, хэрэгжилтийг ханган ийнхүү тус барилгыг нураалаа.
Өмнө нь энэ асуудал олон жил хөндөгдөн хөвөрсөн ч янз бүрийн шалтаг шалтгаанаар хөдөлгөлгүй, "поп" үг төдийхнөөр ам дамжин яригдаад өнгөрдөг байлаа. Хотын төвийн өнгө үзэмжийг дарсан, он удаан жилийн настай ноорхой нэгэн байгууламжийн дахин төлөвлөлтийг дийлэнх иргэд дэмжиж ирсэн. Харин эсэргүүцэж байсан талд тухайн объектын түрээслэгч, дам түрээслэгчид байсан, одоо ч иргэд тэднийг шүүмжлэн ярьж байна. Тэр утгаараа нийслэлийн өмнөх удирдлагууд болон тэдгээр 30 түрээслэгчийн дунд хувийн эрх ашиг, ашиг сонирхлын зөрчил байсан гэж харддаг. “Урт цагаан” үйлчилгээний төвд үндсэн 30 түрээслэгч, 300 гаруй дам түрээслэгчид ажиллаж байсан бөгөөд түрээслэгчдийг ажлын байраар хангах зорилгоор төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд талбай гаргаж өгсөн байгаа юм. Ерөнхийдөө бүх зүйл хуулийн хүрээнд үргэлжилж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Ийнхүү олон жилийн хүлээлттэй байсан ажлыг эхлүүлж, эрчимжүүлснээрээ одоогийн удирдлагууд нийслэлчүүдээс "очков" авч чадлаа. Цаашид ч бүх ажлаа "поп"-ролоор бус улсын эрх ашгийн төлөөх үзэл баримтлалаар үргэлжлүүлэхийг олон нийтийн зүгээс хүсч байгаагаа илэрхийлсээр байна.
"Урт цагаан" үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд тэргүүлсэн "MGL E&C" дизайнерс багийн бүтээл: