Наро банчэн гэгээнтэн таван айлд өргөө цагаан гэр өргөлөө
Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэрэл, нигүүлсэл цогцолсон энэ өдөр Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн орон гэр нэн шаардлагатай байгаа таван айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Наро Банчэн гэгээнтэн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө олон олон буяны үйл хийсээр ирсэн билээ. Жишээ нь Нийслэлийн өргөө амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын тоног төхөөрөмж, Агаарын бохирдлоос хүүхэд багачуудаа сэргийлэх үүднээс захын хорооллын болон агаарын бохирдлын өндөр эрсдэл бүхий нийслэлийн цэцэрлэгүүд, зарим эмнэлгүүдэд 250 ширхэг орчин үеийн өндөр хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч бэлэглэж байсан.
Түүнчлэн “Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөснөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд мөнгөн хандив өгч байсан гээд дурдаад байвал Наро Банчэн гэгээнтний Монголынхоо хүн зоны төлөө хийсэн өглөг буян их юм. Зөвхөн хандив тусламж үзүүлээд зогсохгүй Наробанчэн гэгээнтэн Нароба институтийг үүсгэн байгуулж энгийн иргэдэд зориулсан Буддын шашны академик сургалтыг зохион байгуулж 3 дахь удаагийн элсэлтээ хүлээн авахад бэлэн болоод байгаа билээ.
Өнөөдрийн их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ бие хэл сэтгэл гурваар бусдад сайн үйл хийвээс сайн сайхан цогцлохыг тунгаан өөрт хүссэн аз жаргал бүхнээ бусдад нэгэн адил хүсэж аж жаргалыг түгээж байхыг айлдлаа.