Дуулиант хэргийн мөрөөр: Цуврал №1
АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг 2019.09.09-нд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу автозамын тендер зарлахдаа шинэ нисэхийн хурдны зам, Баянхонгор чиглэлийн замын ажлыг “бизнесийн” хамтрагч аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр урьдчилан хорих 461-р ангид хорьсон.
Дараа нь 2019.10.02-нд салбарын сайд асан Д.Ганбатыг Авлигатай тэмцэх газраас тус яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор саатуулсан бөгөөд араас нь яамны хэд хэдэн даргыг баривчлах асуудал яригдаж байв. Д.Ганбатыг саатуулахдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулсан гэж эх сурвалжууд мэдэгдэж байсан. Энэ хэргийн талаар сарын дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох ярилцлага өгөхдөө “АТГ-аас нэг сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүллээ” хэмээж байв. Гэвч түүнээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан юм.
Харин НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020.04.08-нд дуулиант хэргүүдийн талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө, Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргийг гуравдугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэжээ. Энэ нь ч үнэн бололтой. Яллагдагч Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам нарт холбогдох эрүүгийн 187 хавтас бүхий хэргийг прокурор хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д шилжүүлсэн нь шүүгч Д.Дарьсүрэнд хуваарилагдсан бөгөөд хэрэгтэйгээ танилцаж байгаа гэнэ. Гэсэн ч энэ мафийн сүлжээний гардан гүйцэтгэгч болох яамны төсөвчин, тендерт шалгаруулах гол ажлыг гардан гүйцэтгэгч Б.Минжбадам нь Д.Ганбат, Д.Доржхандын хамт яллагдагчаар татагдсан, тендерт өөрийн сүлжээний компаниудад давуу байдал олгоход хамтарсан албан тушаалын хэрэгт холбогдоод байгаа атлаа өнөөг хүртэл яамныхаа тендерийн үнэлгээний хороонд “ажилласаар”, гэр бүлийн үй зайгүй найз, “бизнесийн” хамтрагч, Д.Доржханд даргынхаа заавраар “өөрийн” компаниудыг шалгаруулсаар явна. Энэ талаарх яамны байр суурийг эргэн сурвалжлах болно.
Эх сурвалж: Shuurhai.mn