УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн
Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны эхний улиралд хийсэн ажил болон олны анхаарал татсан хэргүүдийн хяналт шалгалт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Прокурорын байгууллагаас улирал тутам олон нийтэд ийнхүү мэдээлэл өгч байхаар болжээ.
Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат: Нийслэлийн прокурорын газар улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг мөрдөх эрх бүхий зургаан байгууллагын шалгасан хэрэгт хяналт тавьдаг. АТГ-ын 386, ТЕГ-ын 54, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргийн 46 хэрэг нийт 1318 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд нийслэлийн прокурорын газар хяналт тавьсан. Үүнээс 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд авлигын 25, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх 55 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өсвөр үеийнхний дунд мансууруулах бодис хэрэглэх гэмт хэрэг нэмэгдэж байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, ЗГ-ын гишүүнээр ажиллаж байсан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нарын албан тушаалтнууд холбогдох хэрэг, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Сандагдорж нарт болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль авсан, өгсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс тус хэрэгт гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт яллах дүгнэлт үйлдэхээр ирүүлсэн Жаст групп компанийн захирал Ш.Батахүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шалдлагдагчаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусган прокурорын хяналтад ирүүлсэн хэргийг хянаж байна.
Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn