Хятадын үйлдвэрүүдийн 90 хувь нь сэргэж, бусад улсууд эдийн засгаа 'аврах' багц хөтөлбөрүүдээ батлав
Олон улсын валютын сан “Covid-19”-ийг 2008 оны олон улсын эдийн засгийн хямралаас дутахгүй хохирол учруулна гэж тооцжээ. Одоогоор тус санд 80 улс санхүүгийн яаралтай тусламж авахаар хандаад байна. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үүнээс илүү муу таамаг дэвшүүлж байна. НҮБ-ын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувиас хэтрэхгүй бөгөөд өвчин дэлхийн эдийн засагт 1 их наяд ам.долларын хохирол учруулна гэж тооцоолжээ. Ингээд үүссэн нөхцөл байдлаас эдийн засгаа хамгаалах чиглэлд улс орнууд дараах арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ.
АНУ-ын Засаг захиргаанаас эдийн засгийн савлагааг тогтворжуулахад чиглэсэн 2 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд жижиг, дунд болон том аж ахуйн нэгжүүдэд зээл олгох, орлогын албан татварыг бууруулах, шалгуур хангасан хүмүүст 1200 ам.долларын чек олгох зэрэг асуудал багтжээ. Тодруулбал, жилд 75 мянга хүртэлх ам.долларын орлоготой иргэдэд 1200 ам.доллар, 75-99 мянган ам.долларын цалинтай иргэдэд үүнээс багыг, харин 99 мянган ам.доллараас дээш цалинтайд тэтгэмж олгохгүй аж. Түүнчлэн 850 тэрбум ам.долларын зээлийг аж ахуйн нэгж, муж болон хотуудад олгож эдийн засгийн хохирлыг бууруулахаар төлөвлөж байна. АНУ-д “Covid-19” өвчний улмаас ажилгүйдэл нэмэгдэж, 1982 оноос хойш байгаагүй өндөр хэмжээнд хүрч, одоогийн байдлаар 3.28 сая иргэн ажилгүйдлийн тэтгэлэг авах хүсэлтээ гаргасан байна.
ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газар эдийн засагт учраад буй дарамтыг бууруулах үүднээс 50 мянган паундаас доош орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 03 дугаар сарын үйл ажиллагааны алдагдлыг нөхөн төлбөр болгож сарын дундаж ашгийнх нь 80 хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэг буюу 2500 хүртэлх паунд олгохоор болов.
Бельгийн Вант Улсын Сангийн сайд Дэвид Клашивалын “Covid-19”-ийн эсрэг авах арга хэмжээний хүрээнд төсөвт нийт 8-10 тэрбум еврогийн ачаалал ирж байгаа талаар мэдэгдэв. Тус улсын Засгийн газраас “Covid-19”-ийн улмаас гарч буй эдийн засгийн хүндрэлийн эсрэг дараах арга хэмжээг авахаар шийдвэрлээд байна.
-Онцгой нөхцөл байдал /форс мажор/-ын улмаас ажиллах боломжгүй байгаа ажилтнуудыг “түр ажилгүйдэл”-д тооцох шийдвэрийг 03 дугаар сарын 06-нд гаргав. Аж ахуйн нэгжийн ажилчдад олгох түр ажилгүйдлийн тэтгэмжийн хувийг 3 сарын турш 65-70 хувь болгон нэмэгдүүлэхээр болов.
-Ажил олгогч ажилтнуудынхаа 2020 оны 1, 2 дугаар улирлын нийгмийн даатгалын хураамжуудыг хугацаанд нь төлөх боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг хойшлуулах боломжийг олгож байна.
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид төрөл бүрийн татвар болон тэдгээрийн хэмжээг бууруулах, төлбөр хийх хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтээ Сангийн яаманд гаргах боломжтой болсон. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын 2020 оны эхний хоёр улирлын хураамжаас чөлөөлөгдөх, төлбөрийг хойшлуулах, нэг жилийн хугацаанд торгуульгүйгээр төлж барагдуулах зэрэг хөнгөлөлт эдлэх болсон байна.
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч нэг долоо хоногоос дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан бол түүнд сарын 1266.37 евро /ганц бие бол/, 1582.46 евро /гэр бүлтэй бол/-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
ХБНГУ-ын парламентын доод танхим коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах 750 тэрбум еврогийн тусламжийн багцыг 03 дугаар сарын 25-нд батлав. Үүний өмнө Европын бусад орнууд, тухайлбал, БНФУ 45 тэрбум еврогийн тусламжийн багц, Их Британи 362 тэрбум еврогийн зээл, 22 тэрбум еврогийн бусад тусламжийн багц баталсан.
Тайландын Хаант Улс төсвөөс нийт 117 тэрбум батт буюу 3.56 тэрбум ам.долларыг коронавирусээс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарцуулахаар болсон. Үүний 45 тэрбум батт-ыг нийгмийн халамжид хамрагдаж чадахгүй байгаа 3 сая хүнд бэлэн мөнгө хэлбэрээр тараах бол 60 тэрбум батт-ыг бага хүүтэй зээл байдлаар олгохоор болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийж, эдийн засгийн дараах арга хэмжээг авах болсноо танилцуулав. Үүнд:
•Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар 04 дүгээр сарын 22-нд хийхээр төлөвлөсөн ард нийтийн санал хураалтыг тохиромжтой нөхцөл байдал бүрдтэл хойшлуулах;
•03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал цалинтай амралтын өдөр болгох;
•Бүх төрлийн нийгмийн халамж, хөнгөлөлт авдаг иргэдийн халамж, хөнгөлөлтийг 6 сарын турш ямар нэг баримт бичиг шаардахгүйгээр сунгах;
•Хүүхдийн мөнгө авч буй 0-3 насны хүүхэд бүрт 3 сарын турш сар бүр 5 мянган рубль нэмж олгох;
•Эмчийн магадлагаатай иргэдийг ажилгүй байх хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах /12130 рубль/;
•Сарын орлого нь 30 болон түүнээс дээш хувиар буурсан иргэдэд зээлийн “амралт” олгож, бүх төрлийн зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулах;
•Одоогоор 8000 рубль байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг 12130 рубль болгож нэмэгдүүлэх;
•Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ноогдуулах НӨАТ-аас бусад татварыг 6 сараар хойшлуулах. Бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг даатгалын хураамжаас түр чөлөөлөх. Хүнд байдалд орсон жижиг дунд болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг 6 сараар хойшлуулах;
•Нэг сая рублиэс дээш хэмжээний банкны хадгаламж болон үнэт цаасны зах зээлд оруулсан хөрөнгөөс 13 хувийн орлогын татвар авах;
•Гадаадын оффшор бүс руу шилжүүлж буй бүх төрлийн хөрөнгөөс 15 хувийн татвар авах;
•Коронавирусний улмаас хохирол хүлээсэн аж ахуйн нэгжийн дампуурлаа зарлах тухай өргөдлийг 6 сарын хугацаанд хүлээн авахгүй байх;
•ЖДҮ эрхлэгчдийн 30 хувиар төлж буй даатгалын хураамжийг 15 хувь хүртэл бууруулах зэрэг болно.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн нөхцөл байдалд 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтээр дараах арга хэмжээг авахаар болсноо зарласан.
1.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа. /26 хувийн татвар тэглэгдэнэ гэсэн үг/
2.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.
4.Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар 200 мянган төргөийн урамшуулал олгохоор боллоо. Эл шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжинэ.
5.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгохоор боллоо. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллана.
6.Гурван сарын турш 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгохоор боллоо.
7.Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг нэн яаралтай зохион байгуулах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.
БНХАУ-д үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос, Хубэй болон бусад бие даасан мужуудыг эс тооцвол улс даяар аж үйлдвэрийн сэргэлт 90 хувиас давсан байна. Тодруулбал, Жөжян, Жянсу, Шанхай, Шандун, Гуанши, Чунчинд аж үйлдвэрлэлт 100 хувь сэргэжээ. Мөн 03 дугаар сарын 24-ний өдөр Хубэй мужийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс тус мужийн орох, гарах хөдөлгөөнийг нээх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаж 03 дугаар сарын 25-наас эхлэн Ухань хотын автобусны хөдөлгөөнийг сэргээж, 28-ны өдрөөс төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы боловсролын байгууллагын хичээлийг эхлүүлэхээр болов. ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын хичээл 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлжээ. Тус улсын Худалдааны яамны мэдээллээр, улсын хэмжээнд өргөн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, өдөр тутмын хэрэглээний зах зээл хэвийн горимд орж, үнэ тогтворжиж эхэллээ.
Ашигласан эх сурвалж: ТЕГ-ын "Covid-19"-ийн талаарх тогтмол бэлтгэж буй мэдээлэл