Хориг арга хэмжээнүүд нь алсдаа АНУ-д хохирол учруулна гэж үзэж байна
Оросын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээнүүд нь алсдаа өөрт нь хохирол учруулна гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ. АНУ-ын хэсэг бүлэг сенатчын Оросын банк, эрчим хүчний салбарт авах хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тусгасан шинэ хуулийн төсөлд тайлбар өгөхдөө тэрбээр ийнхүү хэлсэн байна.
“Олон улс орон доллараас татгалзаж байгаа бөгөөд хориг арга хэмжээнүүдийг ерөнхийдөө үр дүнгүй арга хэрэгсэл болохыг харуулж байгаа учир хориг арга хэмжээнүүд нь АНУ-д удаан хугацаанд хохирол учруулна гэж бид үзэж байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан хэлэх боломжгүй хэдий ч хориг арга хэмжээний арга хэрэгсэл хэрэгжихгүй байгаа бөгөөд Америкийн стратегийн ашиг сонирхолд хохирол учруулна гэдгийг хүмүүс илүү ойлгож байгаа гэж би бодож байна” хэмээн тэрбээр ярьжээ.