Ажлын байрыг хадгалж үлдэхийг улс орнууд урьтал болгож байна

Ажлын байрыг хадгалж үлдэхийг улс орнууд урьтал болгож байна
  • Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов
Коронавирусийн цар тахлын үед дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаарх хоёр дахь цувралаа бид энэ удаа хүргэж байна. Уналт гүнзгийрэх нь улам тодорхой болж, зах зээлийн итгэл суларч эхэллээ. Бизнесүүд хаагдсанаар ажилгүйдэл тэлж, энэ нь бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болж байна. Ажлын байрыг хамгаалах арга хэмжээ цаг алдалгүй авахаа улс орны эрх баригчид мэдэгдэж, дэлхийн санхүүгийн ертөнцөд юу болж байгааг дор бүрнээ ажигласаар. Их гүрнүүд мөнгөний зөөлөн бодлого руу хэлбийж, төсвийн зардлаа эргэн харж байна. Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг аль болох бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов. Тэдний нэг нь Франц улс. Тус улс эдийн засаг, өрхүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Иргэдийн амьжиргаа дордож эхэлсэн тул өрхүүдийг газ, цахилгаан, халаалт, түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 335 тэрбум ам.долларын банкны зээлд Засгийн газар нь баталгаа олгохоо мэдэгдлээ. Европын орнууд хувийн хэвшлийн компанийн зээлд баталгаа гаргаж, эдийн засгийн уналтыг саармагжуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Испанийн Засгийн газар 100 тэрбум ам.долларын компанийн зээлд баталгаа өгч, 17 тэрбум еврогийн шууд дэмжлэг хувийн хэвшилдээ үзүүлэхээ илэрхийлсэн. COVID-19 вирусээс хамгийн их хохирол амсаж буй Итали улс 28 тэрбум ам.долларын төлөвлөгөө гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох баталгааны санд мөнгө нэмж оруулахаар боллоо. Түүнчлэн Англи улс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүст зориулсан Засгийн газрын тэтгэмжийн хүртээмжээ өргөжүүлж, корпорацын бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүллээ. Азийн эдийн засагт нөлөө бүхий оролцоотой БНХАУ, БНСУ, Япон хямралтай хэрхэн тэмцэж байгааг бид эхний цувралдаа онцолсон. Эдгээр орон эдийн засгийн хямралаас өөрсдийгөө аврах ажиллагааг хамгийн ажил хэрэгчээр шийдвэрлэж буй. Morgan Stanley банкны таамгаар АНУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 30 хувь унаж, ажилгүйдлийн түвшин 12.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс Холбооны нөөцийн сан 500 тэрбум ам.долларын үнэт цаас, 200 тэрбум ам.долларын орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас худалдан авсан. Мөн бизнес, ажил эрхлэлтийг хамгаалах үүднээс нэмж хоёр их наяд ам.долларын санхүүгийн дэмжлэг АНУ-ын Сенат олгохоор зарлалаа. Хойд хөрш болох ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин эдийн засгийн хямралаас хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжихээ мэдэгдлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулж байгаагаа хойд хөршийн тэргүүн үүгээр мэдэгдсэн. Бизнесийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг зургаан сараар хойшлуулахаар болсон. Мөн хөрөнгийн гадагшлах урсгалыг хязгаарлахын тулд Оросоос гарч буй бүх хүү, ногдол ашгийн төлбөрийг одоогийн хоёр хувиас дээш 15 хувь болгох санал гаргав. Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ойртуулахын тулд сард 152 ам.доллар болгон нэмэгдүүлэх санал мөн дэвшүүлээд байна. Хөл хорио тогтоосон хугацаанд иргэдийнхээ цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалахыг онцлон тэмдэглэсэн юм. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0