Айсуй сонгуулийн чимээ: Өвөрхангай
Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймгийн тойргуудыг онцоллоо. Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН-д дөрөв, АН-д гурван удаа итгэл үзүүлсэн. Зарим аймгийн тойрог улаан, цэнхэр нэртэй байхад Өвөрхангайчууд харьцангуй ээлжин сонголт хийж ирсэн байна. Ийнхүү Өвөрхангай аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.
1992 он: МАН /МАХН/
1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Өвөрхангай аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, Ш.Батбаяр нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүн болж байв. Мөн МАН-аас нэр дэвшсэн О.Батмөнх, Ж.Батсуурь нар олонхийн санал авсан билээ.
1996 он: МАН, АН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Дорнод аймгийн сонгогчид энэ удаа МАН, АН-д тэнцүү суудал өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Х.Дашзэвэг ялалт байгуулсан. 25 дугаар тойрогт мөн АН эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Р.Бадамдамдин ялж, гишүүн болсон. Харин 26 дугаар тойрогт Д.Лүндээжанцан, 27 дугаар тойрогт Ш.Батбаяр олонхийн санал авч, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Өвөрхангайчууд МАН-д итгэл үзүүлэв. 24 дүгээр тойрогт Д.Сугар, 25 дугаар тойрогт Д.Дэмбэрэлцэрэн, 26 дугаар тойрогт Д.Лүндээжанцан, 27 дугаар тойрогт Б.Эрдэнэбилэгт нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас С.Болдхуяг, Н.Батцэрэг, Ж.Батсуурь, Г.Батхүү, О.Бум-Ялагч, Д.Зоригт нар өрсөлдсөн байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: АН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Өвөрхангайн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлэв. Өвөрхангай аймгийн 24 дүгээр тойрогт Д.Сугар, З.Энхболд нар өрсөлдөж, АН-аас нэр дэвшсэн З.Энхболд ялалт байгуулсан байдаг.
25 дугаар тойрогт АН-аас Г.Батхүү олонхийн санал авсан. Харин 26 дугаар тойрогт Д.Лүндээжанцан, З.Мэндсайхан нар өрсөлдөж, Д.Лүндээжанцан ялалт байгуулав. 27 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Бадамдамдин олонхийн санал авч, парламентын гишүүнээр сонгогдож байв.
2008 он: АН
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид АН-ыг багаар нь сонгосон байдаг. Тухайлбал АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нар олонхийн санал авсан юм. Мөн МАН-аас Д.Лүндээжанцан олонхийн санал авсан байдаг. Тэдэндээ МАН-аас Я.Содбаатар, С.Шийлэгдамба, С.Чинзориг нар өрсөлдсөн юм. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Өвөрхангай аймагт Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Өвөрхангай аймгийн тойргууд ч МАН-д итгэл үзүүлсэн. 19 дүгээр тойрогт Я.Содбаатар, АН-аас Н.Батцэрэг, МАХН-аас Б.Эрдэнэбилэгт нар өрсөлдөж, Я.Содбаатар 53.1 хувийн санал авч ялалт байгуулсан. Харин 20 дугаар тойрогт Д.Тогтохсүрэн /МАН/, Д.Жаргал /АН/, МАХН-аас Ё.Бямбатогтох нар өрсөлдөж, Д.Тогтохсүрэн УИХ-д сонгогдсон юм. Харин тус аймгийн хориннэгдүгээр тойрогт С.Чинзориг, С.Дэмчиг, Ц.Цэндээ нар өрсөлдөж, С.Чинзориг олонхийн санал авсан байдаг.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор яваг¬дана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Мөн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө танилцуулах учиртай.
Коронавирусын халдвартай холбоотойгоор намууд цахим хэлбэрээр хурлаа явуулаад эхэлсэн. Нэр дэвшигчдээ тодруулж байна. Энэ удаад тус аймагт мандатын тоог нь дөрөв болгож нэмэгдүүлсэн. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй. Харин Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд оролцохгүй, нам ялбал Засгийн газарт ажиллана гэсэн тохироо хийсэн байж магадгүй байна.
Харин АН-аас Асашёорү Д.Дагвадорж , өмгөөлөгч О.Алтангэрэл, Ч.Даваабаяр, С.Дэмчиг нарын нэрс яригдаж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд ч Өвөрхангай тойрогт очиж өрсөлдөх тухай яриа гарсан. Гэхдээ тэрээр АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилогдсон учраас намынхаа “гал тогоо”-той ойрыг бодож нийслэлд нэр дэвшинэ хэмээн ярьдаг байдаг.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин