Айсуй сонгуулийн чимээ: Говь-Алтай

Айсуй сонгуулийн чимээ: Говь-Алтай
“Сонгууль-Анализ” булангаараа  аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн арванхоёр, арвангуравдугаар  тойрог болох Говь-Алтай аймгийг онцолж байна. Говь-Алтай аймагт энэ жилийн тухайд хоёр мандаттай сонгууль болно. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч байжээ. Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д итгэл үзүүлсэн. Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж ярьдаг. Говь-Алтай аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэж байна.
 
1992 он: МАН 
1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Сонгуулийн арванхоёрдугаар тойрогт  МАН/МАХН/-аас нэр дэвшсэн В.Алзахгүй 11541 хүний санал авч, анхны ардчилсан парла­ментын гишүүн болж байв. Мөн Говь-Алтайн арвангуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн А.Базархүү олонхийн санал авч парламентын гишүүнээр сонгогдон ажилласан байна.
 
1996 он: МАН 
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.

76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Говь-Алтай аймгийн сонгогчид энэ удаа МАН-ыг багаар нь сонгож гаргажээ. Тухайлбал, арванхоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн П.Жасрай, арвангуравдугаар тойрогт А.Базархүү ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байв.  
 
Тэдэнтэй одоогийн АН-аас Л.Бямбажаргал, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөж байв. Тухайн оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ. Ийнхүү улс даяар цэнхэртсэн ч говь-алтайчууд эсрэгээрээ цэнхэр сонголт хийсэн жил байлаа.
 
2000 он: МАН 
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Багасгасан мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Говь-Алтайд хоёр мандаттай сонгууль болсон. Арванхоёрдугаар  тойрогт П.Жасрай, Л.Бямбажаргал, Ж.Галиндэв нар өрсөлдөж П.Жасрай хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Харин арвангуравдугаар тойрогт Р.Цогтбаатар /МАН/, Л.Галбадрах /АН/ өрсөлдсөн байдаг. Үүнээс Р.Цогтбаатар олонхийн санал авсан юм. Ийнхүү говь-алтайчууд хоёр дахь удаагаа МАН-д итгэл үзүүлэв. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
 
2004 он: МАН 
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Говь-Алтай  аймагт тухайн оны сонгууль хоёр мандаттай явагдав. Арванхоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Очирхүү ялалт байгуулсан бол арвангуравдугаар тойрогт А.Цанжид олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй Эх орон ардчилал эвслээс С.Алтангэрэл, Л.Галбадрах нар өрсөлдсөн билээ. Энэ удаад ч Говь-Алтайн сонгогчид МАН-д давамгай ялалт өгсөн юм. Тэд улаан тойрог гэдгээ баталсаар байв.
 
2008 он: МАН 
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид дахин МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Ц.Дашдорж   УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн МАН-аас Ж.Энхбаяр олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй О.Ариунсан, О.Сэмэр нар  өрсөлдөж байсан билээ. Тухайн оны сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
 
2012 он: МАН 
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт байв. Булган аймагт МАН-аас Ц.Дашдорж өрсөлдөж, УИХ-д сонгогдов. Харин АН-аас Б.Ариунсан өрсөлдсөн юм.
 
2016 он: МАН 
МАН олонхи тойрогт ялалт байгуулав. Говь-Алтайчууд ч МАН-д итгэл үзүүлсэн. Арванхоёрдугаар тойрогт МАН-аас Ш.Раднаасэд, АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, МАХН-аас А.Бүргэдаа нар өрсөлдсөн. Үүнээс Ш.Раднаасэд олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнчлэн хамгийн олон буюу гурван хүн  тус тойрогт бие даан нэр дэвшсэн билээ. Тухайлбал, Б.Наминчимэд, Г.Нэргүй, Ш.Эрдэнэбат нар өрсөлдсөн юм.
 
2020 он: 
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Говь-Алтайн тойрогт энэ жил хоёр мандат хуваарилсан.  МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар явах нь бараг л тодорхой болсон. Харин АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа нарын нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0