Цагаан сар ба эдийн засаг
Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр хоёр долоо хоногийн дараа болох гэж байна. Энэ жилийн Цагаан сарыг коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх уриалгыг Улсын онцгой комиссоос гаргасан. Мөн нутгийн, байгууллагын гэх мэт хавтгайруулан золгодог арга хэмжээнүүдийг бүгдийг албан ёсоор цуцалсан юм. Тэгвэл халдварт өвчний дэгдэлт буурахгүй байгаагаас Цагаан сарын баярыг албан ёсоор цуцлах шийдвэрийг гаргах санал иргэдээс олноороо гарч байна. Иргэдийн хувьд зөвхөн аав, ээждээ золгоод, гэртээ уламжлалт ёслолуудаа үйлдээд энэ жилийн баярыг даруухан өнгөрөөх хандлага түлхүү байна. Ямартай ч олон жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалт том баярын цар хүрээ энэ жил нэлээд хумигдах төлөвтэй байна. Тэгвэл бид Цагаан сарын баярт жил бүр ямар хэмжээний төсөв зарцуулдаг талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн дараах тоймыг бэлтгэлээ.
30 хүртэлх насныхны 25 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг
Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг өрхөөс дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гарч байна. Монгол Улс 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 895 мянган өрхтэй гэж тоологджээ. Гэхдээ бүх өрх Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Ойролцоогоор тэдний 64 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж тооцоолжээ. Ингэхдээ нас насны ангиллаар нь гаргасан байна. Тухайлбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй айлуудын 45 хувь, 40-49 настай бол 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Энэ айлууд тус бүр дунджаар 1.5 сая төгрөгийг баярт зарцуулвал улсын хэмжээнд 850 орчим тэрбум төгрөгийн зардлыг гаргадаг гэсэн тооцоолол гарч байгаа юм. Өмнөх онуудтай харьцуулахад сүүлийн хоёр жилд зардлын хэмжээ өссөөр байгааг судалгаанд дурджээ.
Бор идээнд дийлэнх зардлыг гаргадаг
Нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 419 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.
Нэг өргийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ
Энэхүү хүснэгт нь 2019 оны нэгдүгээр сарын ханшаар боловсруулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн хувьд төдийлөн өөрчлөгдсөн зүйлгүй байна. Эх сурвалж: ҮСХ
Цагаан сарын баяраар зочлон ирсэн ах дүү, төрөл садан, зочдоо хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, хүн бүрийн гарыг цайлган гаргадаг уламжлалтай. Тэгвэл нэг айлын гаргаж байгаа зардлын 40-50 хувийг идээ ундааны зардал эзэлж байна. Баяраар бор идээ буюу бүхэл мах, бууз, банш, шимийн архи, цагаан идээ буюу цагаан идээ, ул боов, айраг сэлтийг бэлтгэдэг. Ойролцоогоор идээ ундааны зардалд 700 орчим мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд үүний 60 хувийг бор идээ эзэлдэг байна. Тухайлбал, хонины ууцанд 200-250 мянга, хямдаар тооцоолвол гурван шил архинд 40 мянган төгрөг, 600-700 ширхэг бууз хийхэд 130-150 мянган төгрөг зарцуулдаг байна. Жил бүрийн Цагаан сарын баяраар хэвийн боов, ааруул, цагаан будаа, элсэн чихэр, үзэм, сүү, төмс, лууван, хиам, өргөст хэмх, майонез, ундаа, чихэр, жимсний худалдан авалт огцом нэмэгддэг.
Импортын бэлгэнд 360 тэрбум төгрөг гаргадаг
Цагаан сарын баярт гаргаж байгаа зардлын 60 орчим хувийг гарын бэлэгний зардал эзэлдэг. Ирсэн зочноо заавал гарыг нь цайлгадаг уламжлалаа дагасаар ирсэн энэ заншлыг тухайн айлын өнгө төрх, санхүүгийн боломжийг илтгэх нэг шалгуур болгож хавтгайруулсанд иргэд сэтгэл дундуур байдаг ч энэ заншлыг эвдэж чаддаггүй юм. Цагаан сарын гарын бэлэгний 80 орчим хувь нь импортоор орж ирдэг гэсэн судалгаа байна. Ингэхдээ ойролцоогоор жилд 360 тэрбум төгрөгийг гадны зэх зээлд, тэр дундаа өмнөд хөршийн зах зээлд гаргаж байна. Харин энэ жил халдварт өвчний улмаас хилийн зохицуулалт хийгдэж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгдэх төлөвтэй байсан ч цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх хандлага нь өмнөх жилүүдийнхээс дорвитой өсгөж чадахгүй нь бололтой.
Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнийн хувьд өндөр, сонголт багатай байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл боломжийн дундаж үнэтэй бэлгээр торго, тамхи, оймс, трико, алчуур, тос, саван, шоколад зэрэг нийтлэг хэрэглээний бүтээгдэхүүнүүд орж байна. Нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэхээр төлөвлөж нэг айлд 60 зочин ирнэ гэж тооцоолоход 780 мянган төгрөгийг зөвхөн гарын бэлгэнд зарцуулдаг байна.
Цагаан сартай холбоотой бусад сонирхолтой тоо баримтаас дурьдахад нийт өрхийн 60 орчим хувь нь банкны зээлээр баяраа тэмдэглэдэг гэсэн судалгаа байна. Түүнчлэн нийт зочдын мөн 60 орчим хувь нь авсан бэлгээ хэрэглэдэггүй гэсэн судалгаа ч байлаа. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жилийн өдийд тооцоолж гаргаж байсан зардал буюу нэг айлын Цагаан сарын баярт зориулдаг 1.5 сая төгрөгийн зардалд дээл хувцас, хөөрөг, гоёл чимэглэл зэргийн өртөг ороогүй. Тэгэхээр монгол айл энэ баярт жилд хамгийн багаар бодоход дээрх зардлыг гаргадаг байх нь.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин