С.Молор-Эрдэнэ: Цагаан сар бол баячуудын, лам нарын баяр биш ээ
Филисофич С.Молор-Эрдэнийн цагаан сарын баяртай холбоотой хэлсэн үгс олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж байна. Гэхдээ энэ бол хувь хүний л философи буюу үзэл баримтлал юм. Мөн түүний хэлж буй үгсийг анхааралтай ажиглавал цагаан сарыг болоод нийт Монголчуудыг буруутгасан зүйл байхгүй, харин ч уламжлалт баяр ёслолоо зөв тэмдэглэн өнгөрүүлдэг байя гэсэн санаа цухалзаж байгаа нь харагдана.
Тэрээр энэ баярыг “Үлгэр домгийн баяр” хэмээн тодорхойлсон удаатай. Мөн цагаан сарын баярыг төр болон шашинаас ангид байлгах хэрэгтэй гэв.
Учир нь энэхүү баяр эрт дээр үеэс уламжлан ирсэн хэв шинжээ хэдийнээ алдсан бөгөөд энэ тухай “Монголчууд Хятадаас биш Манжаар дамжуулж Цагаан сар гэх баярын ойлголттой болсон. Эхний үед баячууд ноёдууд тэмдэглэдэг, харц ард нь очиж золгодог баяр байсан. Сүүлд хөгшин хүн дээрээ очиж золгодог ард түмний баяр болгочихсон юм. Энэ социализмтай холбоотой. Ард түмэн тэмдэглэж болно гэхээр нь тэгш эрхийн зарчмаар ард түмэн бүхэн ноён болоод ууц тавиад эхэлсэн. Сүүлдээ энэ зурхайчдын баяр болоод, зурхайчид давамгайлж байснаа лам нар давамгайлаад бараг л гандангийн баяр шиг болчихлоо. Лам нар бол ард түмнийг Азийн баяраар баярлуулаад өөрсдөө холхон байх хэрэгтэй, хэрэв Азийн шинэ жил гэж байгаа бол. Эсвэл төрд очоод Ерөнхийлөгчтэй золгож байгаа бол хамгийн баян хүний баяр болог. Энэ ёстой инээдэмтэй зүйл, энийгээ болих хэрэгтэй. Манай төрийнхөн бүгдээрээ феодлизмийн баячууд шиг болчихоод байна. Энийгээ болих хэрэгтэй. Цагаан сар тэд нарын баяр биш. Баячуудын баяр биш, лам нарын баяр биш. Ард түмний баяр. Азичуудын баяр. Цагаан сараа эд нараас аврах хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Түүний үзэж буйгаар хүн бүр гэртээ заавал ууц, хэвийн боов тавих шаардлагагүй ажээ. Халуун бүлээрээ цугларан амттай идээ ундаа хүртэж өнгөрсөн жилээ үдэн шинэ оноо угтаж авах нь хамгийн зөв шийдэл гэжээ.
Undesten.mn