БНХАУ шинэ коронавирусийн тархалтыг дарж чадна гэдэгтээ итгэлтэй байна
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотод суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан шинэ коронавирусын халдварт өвчний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ. Уг хурлын үеэр Хятадын Засгийн газар шинэ коронавирустай тэмцэхдээ хүний амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж, БНХАУ-д оршин суугаа гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг мэдэгдэж, шинэ коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд дараах 3 зүйлийг онцолсон байна. Үүнд:
- Тайван байх – Халдварын тархалт хурдацтай байгаа, үйл явдлын өрнөл хэцүү харагдаж байгаа хэдий ч, Хятадын Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгааг мэдэгдэж, олон улсын нийгэмлэгт сандрах шаардлагагүй болохыг тэмдэглэв. Халдварт өвчний тархалт хяналтад байгаа, өвчнийг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой бөгөөд уг өвчинтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас шийдэмгий, хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна. Сандралд орох нь өвчний тархалтаас илүү муу үр дагавартай байдаг.
- Итгэх – Хятадын Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргээ өндөр хариуцлагатайгаар үргэлжлүүлэн биелүүлнэ. Мөн Хятадад байгаа гадаад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах болон санаа зовниж буй асуудлыг шийдвэрлэхэд бүхий ч хүчин чадлаа зориулна. БНХАУ-ын Засгийн газарт итгэж, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудад хүлээцтэй хандаж, дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
- Итгэл үнэмшилтэй байх - Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын удирдлагаас боловсруулсан халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн аргачлал, SARS өвчин, H1N1 томуу, шувууны томуу, Эбола вирустэй тэмцэхэд хуримтлуулсан туршлага болон Хятадын шинжлэх ухаан, технологи, биет нөөц бололцоо гээд сүүлийн 70 жилд буй болсон ололт амжилт, туршлага байгаа тул энэ удаагийн халдварт өвчний тархалтыг дарж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцолжээ.
Түүнчлэн Хятадын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шинэ коронавирусын халдварт өвчин гарснаас хойш авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлсэн байна. Үүнд дараах 6 ажлыг онцолжээ:
- Халдварт өвчин гарсан даруйд засаг захиргааны нэгжүүдэд шинжлэх ухааны аргачлалын зааварчилгааг хүргүүлсэн. Халдварт өвчний шалтгаан нь шинэ коронавирус болохыг богино хугацаанд буюу 7 хоногт тогтоож чадсан.
- Иргэд болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед мөрдөх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг гаргаж, олон нийтэд хүргүүлсэн.
- Суурин газарт амьдарч буй иргэдэд зориулж зөвлөмж гаргаснаар нийтээр амьдрах орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн.
- Засаг захиргааны нэгж хооронд халдварт өвчний талаар мэдээлэл солилцох механизмыг бий болгож, өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар гарсан шинэ ололтуудыг цаг алдалгүй хүргэж байна.
- Нийтийн тээврээр тархалт явагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, замын хяналт, шалгалтын цэгүүдийг байгуулсан.
- Амьтны мах, далайн гаралтай болон зэрлэг амьтны бүтээгдэхүүн борлуулж буй захын хяналтыг сайжруулсан. Үхань хотын аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, соёл, урлагийн арга хэмжээг цуцалсан зэргтйг шуурхай хэрэгжүүлсэн гэв.
Хятадын Засгийн газар гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Ухань хотод байгаа гадаадын иргэдэд шаардлагатай хангамж, туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын ГХЯ-наас мэдэгджээ. Мөн Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, өөрийн орны иргэддээ Хятадын холбогдох байгууллагаас хүргүүлж буй заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллахыг зөвлөж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна гэж Бээжинд суугаа манай ЭСЯ-наас мэдээлэв.
Shuud.mn