УБЦТС ТӨХК-аас 4-5 дугаар ангийн сурагчдыг хамруулсан цахилгаан эрчим хүчний мэдлэг олгох сургалтыг хийж байна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 оныг “Хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлцгээе” аяны жил болгож, үндсэн хоёр чиглэлээр үе шаттай арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдад зориулсан цахилгаан эрчим хүчний мэдлэг олгох сургалт юм. Энэ сургалтаар хүүхдүүдэд цахилгаан эрчим хүчний үнэ цэнэ, цахилгааны аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар товч мэдлэг өгөхийг зорьж байна. Одоогоор энэ сургалтыг Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн 155, Баянзүрх дүүргийн 137 дугаар сургуулийн 100, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 162 нийт 400 гаруй сурагчдад явуулаад байна. Цаашдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67, Баянгол дүүргийн 78, Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулиудад энэ сургалтыг хийхээр төлөвлөөд байна.
“Хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлцгээе” аяны хүрээнд сургалт явуулахын зэрэгцээ хамтарч ажиллаж байгаа сургуулиудын гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн эзэмшлийн ерөнхий щитэд засвар шинэчлэл хийх ажлыг үнэ төлбөргүй хийж өгч байна. Тухайлбал 37 дугаар сургуулийн хувьд нэн шаардлагатай байсан ерөнхий щитний засвар шинэчлэлийг хийж, аюулгүй байдлыг нь хангахад зориулж нэг сая нэг зуун наян мянга нэг зуун төгрөгийн өртөгтэй ажил үйлчилгээг УБЦТС ТӨХК-аас өнөөдрийн сургалтыг угтан бүрэн дааж хийж өглөө. Мөн сургуулийн багш, ажилтнуудад цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг давхар үзүүлж байна.