Хятадад гар утас хэрэглэхийн тулд царайгаа “таниулдаг” боллоо
Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятад улсад шинэ гар утас авсан, эсвэл операторын дата үйлчилгээ авсан хүн бүр царайгаа “таниулах” ёстой болж байна. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэдэг хүн бүр “Face Scan” хийлгэн бүртгүүлснээр онлайн орчинд анонимоус буюу нэр хаяггүйгээр ажиллахад хүндрэлтэй болжээ. Хятадын засгийн газар шинэ журмыг “иргэдийнхээ кибер орчин дахь хууль ёсны эрхийг хамгаалах” зорилготой гэж тайлбарлаж байгаа.
Гэхдээ нөгөө талаас энэ нь эрх баригчдыг шүүмжлэх дуу хоолойг дарахад амархан болгож байгаа нь тодорхой. Хятад улс нь “face recognition” буюу царайгаар таних технологийн дэвшлээр өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа. 2017 онд Хятад даяар 170 сая хяналтын камер ажиллаж байсан бол 2020 онд 400 саяыг нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Энэхүү хяналтын сүлжээгээ царайгаар таних системтэй хослуулснаар иргэн бүрийн үйлдлийг хянаж, зөрчлийг нь “нийгмийн оноо”-ноос нь хасаж шийтгэдэг болох зам нээгдэж байна.
Р.Түвшин
Эх сурвалж: BBC