НАМЗХ-ны наймаалцал ЖДҮ-чдээр үргэлжиллээ
Улстөрийн карерь хөөгч залуусын ахих дэвших шат нь намуудын залуучуудын холбоо гэдэг. Түүгээр ч зогсохгүй залуусын 30 гаруй хувь нь НАМЗХ-д зүтгэлтэй, сэтгэлтэй байдаг гэх тооцоолол бий. Энэ л зарчмаар одоогийн УИХ дахь цөөнгүй гишүүд замнаж ирсэн. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн НАМЗХ-г тэрггүлж байв. Харин өчигдөр болсон НАМЗХ-ын хурлаар УИХ-ын гишүүн Н.Учрал ерөнхийлөгчөөр нь ажиллахаар болсон. Мэдээж залуус улстөрд орохын тулд тодорхой хэмжээгээр суурьтай, бас ч үгүй боловсрох нь чухал. Тиймээс ч залуучуудад зориулсан намын анхан болон дунд шатны байгууллагууд байх нь зайлшгүй. Гэвч өнөөдрийнх шиг ёс зүйн хувьд олон нийтэд буруу үлгэрлэл болохуйц хүнийг тэргүүнээ болгох нь цаашид хэрхэх бол гэдэг түгшүүрийг төрүүлэхээс аргагүй.
Н.Учралын хувьд өмнө нь ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн тоонд багтаж явсан. Учир нь түүний аав Ц.Ням-Осорын “Хүннү” компани 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Үндсэндээ Н.Учралын хамаарал бүхий компани. Гэтэл мань хүн “Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байгаад баяртай байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тойрогтоо очоод ажиллаж байхад иргэдэд шударга ёсны хүсэмжлэл байна. Нийгэмд улстөрчдийг үзэн ядах хандлага байна. Ах нараа одоо жаахан ухаантай, эв нэгдэлтэй байцгаая аа” гэж байсан нь саяхан. Үнэн хэрэгтээ мань хүн ямар ч буруугүй мэт ярьсан байдаг. Хэрэвзээ буруу байсан бол тэрбээр аавынхаа авсан 950 сая төгрөгийн зээлийг яаран, сандран хугацаанаас өмнө төлж дуусгах шаардлага байсан уу. Эсвэл нэгэнт хугацаанаас нь өмнө төлөх байсан бол анхнаасаа авах хэрэгцээ байсан уу гээд асуудал хөврөх л байх.
Харин өнөөдрийн үүссэн асуудал нь НАМЗХ ёс суртахууны хувьд ямар ерөнхийлөгчтэй болсон бэ гэдэг нь харагдаж байгаа хэрэг. Магадгүй цаашид НАМЗХ гэдэг байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд унахгүй гэхийн баталгаа үгүй. ЖДҮ-гээс аав нь үээл авчихсан байхад өөрийгөө цэвэрхэн аваад гарахыг хичээж байгаа хүн бүхэл бүтэн намын залуучуудын холбоог тэргүүлж явна гэдэг юу л бол. Тэгээд ч ЖДҮ мэтэд нэр холбогдсон хүнээр толгойлуулаад, бодлогыг нь дэмжин ажиллах залуус НАМЗХ-д хэр олон байгаа бол доо.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn